Өнгөрсөн онд 1266 тендерт оролцогчдын 2284 гомдол бүртгэгдсэнээс 77.6 хувь нь үндэслэлтэй гэж шийдвэрлэгджээ

Төрийн худалдан авах ажиллагаанд тендер шалгаруулалт амжилтгүй болох, оролцогчдын гомдол нэмэгдэх, захиалагч байгууллагын буруутай үйл ажиллагаа давтагдах асуудал гарсаар байна. Тухайлбал, сүүлийн 3 жилд зохион байгуулсан тендер шалгаруулалтын 50-аас дээш хувь нь амжилтгүй болж, өнгөрсөн онд Сангийн яаманд ирүүлсэн гомдлын 77.6 хувийг үндэслэлтэй гэж шийдвэрлэжээ. Иймд төрийн худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийн хэрэгжилт, төсвийн хөрөнгийн зарцуулалт, тендер шалгаруулалтын зохион байгуулалтыг сүүлийн 20 жилийн хугацаанд шалгах УИХ-ын ерөнхий хяналтын сонсголыг ирэх 12-р сарын 15, 16-нд зохион байгуулахаар болжээ.

Тоо мэдээллээс авч үзвэл, төрөөс явуулж буй тендерт оролцох ААН-үүд 100 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй тендерт үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх баталгаа байршуулах шаардлагатай байдаг. Иймд өнгөрсөн онд нийт 35,801 тендерийн баталгаанд 493.9 тэрбум төгрөгийг банкны баталгаа хэлбэрээр байршуулж, шимтгэл, хүүд ойролцоогоор 9.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн зардлыг нэмэгдүүлж, тендерийн өрсөлдөөнд нөлөөлж байгааг УИХ-ын зарим гишүүд мэдээллээ. 

Зөвхөн өнгөрсөн онд тендер шалгаруулахтай холбоотой асуудлаар Сангийн яаманд 1.266 оролцогчоос нийт 2.284 гомдол ирсэн нь өмнөх оноос 114 буюу 5.2 хувиар өссөн үзүүлэлт юм. 

Иймд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг ирэх сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулахаар болоод байна. Сонсголын бэлтгэл ажлын хүрээнд төрийн 7 байгууллага, 21 аймаг, нийслэлийн засаг дарга болон төрийн өмчит хуулийн этгээдийг багтаасан нийт 130 байгууллагаас мэдээлэл авч байгаа бөгөөд одоогоор 42 хувь нь мэдээллээ бүрэн ирүүлжээ. Уг сонсголоор сүүлийн 20 жилийн хугацаанд үүссэн асуудлын шалтгаан, хууль эрх зүйн зохицуулалтын хүндрэл, цаашид сайжруулах шаардлагатай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм байна. 

Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг худалдан авах ажиллагааны зохион байгуулалт, гэрээний гүйцэтгэл, захиалагч байгууллагуудын чадавх, төсвийн хөрөнгийн үр ашиг, санхүүгийн зөрчил, учирсан хохирол болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийлгэхээр 3 шинжээч томилон ажиллуулж байгаа юм байна. Мөн энэ сарын 17, 18-нд төрийн байгууллагуудын байр суурийг сонсох хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ.