Лхагва гарагт Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотноо болсон Орос, Украины энхийн хэлэлцээр таван жил шахам үргэлжилж буй дайны түүхэн дэх хамгийн том олзны цэрэг солилцох тохиролцоогоор өндөрлөлөө. Гэвч дайсагнагч талууд гал зогсоох үндсэн зорилгодоо хүрч чадаагүй бөгөөд талууд нэгдсэн зөвшилцөлд хүрэхэд итгэлцлийн асуудал саад тотгор учруулж байна гэж АНУ-ын төлөөлөгчид хэллээ.
Энэ оны 2-р сараас хойших анхны гурван талт хэлэлцээнд АНУ-ыг төлөөлж ерөнхийлөгч Доналд Трампын хүргэн Жаред Кушнер, тусгай элч Стив Виткофф нар зуучлагчаар оролцсон бол Оросын талаас ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский, Украины талаас гадаад тагнуулын албаны дарга Рустем Умеров болон парламентын олонхын бүлгийн дарга Давид Арахамия нар тэргүүлэн оролцжээ.
Хэлэлцээний хамгийн бодитой үр дүн нь хоёр тал олзны цэрэг солилцох хүмүүнлэгийн тохиролцоонд хүрсэн явдал байлаа. Талууд солилцох хүмүүсийн тоог баасан гарагт эцэслэн баталж, ирэх хоёроос гурван долоо хоногийн дотор хэрэгжүүлэхээр тогтсон бөгөөд Украины тал дайны дараах аюулгүй байдлын баталгаа, сэргээн босголтын асуудлаар мөн тодорхой ахиц гарсныг онцолсон байна.
Гэвч АНУ-ын төлөөлөгчид хоёр талын хооронд харилцан итгэлцэл туйлын дутмаг байгаа нь дайныг бүрэн зогсоох хэлэлцээг урагшлуулахад саад учруулж байна гэж мэдэгдлээ.
Тухайлбал, Оросын төлөөлөгч Владимир Мединский Оросын газар нутгийн сөөм бүрийг эргүүлэн авна хэмээн мэдэгдэж, Донбассын бүс нутгийг бүхэлд нь өгөх, Украиныг НАТО-д элсүүлэхгүй байх, мөн барууны цэргийг Украины газар нутагт байршуулахгүй байх хатуу шаардлагыг тавьсан байна. Харин Украины төлөөлөгчид газар нутгийн бүрэн бүтэн байдлаасаа ухрахгүй гэдгээ давтан илэрхийлж, аюулгүй байдлын баталгааг чухалчилж буйгаа уламжилжээ.
Тэгвэл Абу Дабид хэлэлцээ өрнөж байх шөнө Оросын арми Украины эрчим хүчний дэд бүтэц, тэр дундаа Одесса хотод пуужингийн цохилт өгч, хариуд нь Украин Оросын Белгород, Смоленск мужууд руу дроноор довтолсноор хоёр талд хүний амь эрсэдсэн нь нөхцөл байдал хэр зэрэг хурцадмал байгааг харууллаа.
Одоо дипломат яриа хэлэлцээний дараагийн шат Москва болон Даблин хотноо шилжиж байгаа бөгөөд АНУ-ын тусгай элч Жаред Кушнер, Стив Виткофф нар маргааш буюу баасан гарагт Москва хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзсаны дараа Ирландын Дублин хотыг зорьж, Европын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцож буй Украины ерөнхийлөгч Володимир Зеленськийд хэлэлцээний явцыг танилцуулахаар төлөвлөжээ.