Иран Европ дахь АНУ-ын цэргийн баазуудад агаарын цохилт өгнө гэж сүрдүүллээ

Ойрх Дорнод дахь хурцадмал байдал бүс нутгаас хальж, Европ тивийн аюулгүй байдалд заналхийлж эхэллээ. Лхагва гарагт Ираны үндэсний аюулгүй байдлын  нарийн бичгийн дарга Мохсен Резаи “Хэрэв АНУ дахин агаарын цохилт өгөхдөө Европын газар нутгаас сөнөөгч онгоцоо хөөргөвөл, хариу арга хэмжээ нь Ойрх Дорнодын бүс нутгаар хязгаарлагдахгүй” гэж анхаарууллаа. 

Ираны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Мохсен Резаи “АНУ-ын байлдааны ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй Европын агаарын баазууд Техраны хариу агаарын довтолгооны хууль ёсны бай” гэж мэдэгдлээ. 

Цааш нь тэрээр “Баруун Азиас Европ хүртэлх түрэмгийлэлд оролцсон цэргийн бааз бүр Ираны хууль ёсны бай болно. Аюулгүй зай, хоргодох газар, халдашгүй дархан эрх гэж байхгүй” хэмээн онцолжээ. 

Өнгөрсөн 10-р сард Ираны дээд удирдагч Можтаба Хаменеи “Аливаа аюул заналхийлэлд газар зүйн хязгаарлалтгүйгээр шуурхай, хүчтэй хариу барих” чиглэл өгч байсан юм. Ираны төрийн хэвлэлээр болон тус улсын хууль тогтоогчид цохилт өгч болзошгүй орнуудын жагсаалтад Их Британи, Герман, Итали, Португал, Грек, Румын, Албани, Кипр зэрэг улс дахь АНУ болон НАТО-ийн баазууд, мөн Энэтхэгийн далай дахь Диего Гарсиа арлыг нэрлэсэн байна. Тэгвэл Вашингтон, Тегераны дипломат яриа хэлэлцээ мухардсантай холбоотойгоор Ойрх Дорнодын нөхцөл байдал эргэн тодорхойгүй байдал руу хэлбийлээ. Ираны парламентын дарга Мохаммад Багер Галибаф, Тегеран 60 хувийн баяжуулсан 440 гаруй килограмм ураны нөөцөө гуравдагч оронд шилжүүлэх АНУ-ын шаардлагаас эрс татгалзсан бөгөөд дайныг зогсоохын тулд хориг арга хэмжээг цуцалж, битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх зэрэг нөхцөлийг АНУ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л стратегийн ач холбогдолтой Ормузын хоолойн бүслэлтийг нээнэ гэж мэдэгджээ.