Манай улс 2016 оноос хуурай боомт байгуулах үйл ажиллагааг эхлүүлсэн  ч өнөөдрийг хүртэл бүтээн байгуулалт  дуусаагүй байна 

Далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд Монгол улс гадаад худалдаа, тээвэр логистикийн зардлыг бууруулж, экспортыг нэмэгдүүлэх нь эдийн засгийн өсөлтөд шийдвэрлэх нөлөөтэй. Энэ хүрээнд НҮБ-аас баталсан 2024–2034 оны “Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх боломж, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх зөвлөлдөх уулзалтыг өчигдөр зохион байгууллаа. Уулзалтын үеэр олон улсын стандартыг нутагшуулахын ач холбогдлыг салбарынхан онцолсон байна. Тодруулбал, гаднын стандартыг нэвтрүүлснээр үндэсний аюулгүй байдлыг хангаж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, мөн экспортын бүтээгдэхүүний чанар олон улсын шаардлагад нийцсэнээр гадаад зах зээлд өрсөлдөх боломж өргөжнө гэдгийг зөвлөлд оролцогчид онцолжээ.

Дэлхийн далайд гарцгүй хөгжиж буй 32 улсын хөгжлийн онцлог сорилтыг шийдвэрлэх зорилготой, 10 жилийн хугацаанд хэрэгжих олон улсын тус хөтөлбөрийг 2024 оны 12-р сард НҮБ-ын Ерөнхий ассамблей хүлээн зөвшөөрч, 2025 оны наймдугаар сард Туркменистан улсын Аваза хотод болсон НҮБ-ын гуравдугаар бага хурлаар баталсан байна. Манай  улсын хувьд далайд гарцгүй байршлаас шалтгаалан олон улсын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ хүргэхэд тээврийн зардал, логистикийн хүндрэл, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал, гаалийн үйл ажиллагааны хүндрэл, бүс тутгийн хамтын ажиллагаа, дамжин өнгөрөх тээврийн зохицуулалт, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх эрсдэл зэрэг асуудал тулгардаг. Тиймээс уг хөтөлбөрийн хүрээнд тээвэр, худалдааны дэд бүтцийг бэхжүүлэх, шинжлэх ухаан, технологийн шинэчлэл нэвтрүүлэх, экспортыг дэмжих, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зэрэг таван чиглэлээр хэрэгжүүлэх боломж, стратеги төлөвлөгөөг хэлэлцлээ. Мөн олон улсын  стандартыг нэвтрүүлэх нь байгууллагуудын үйл ажиллагааны зохион байгуулалт, удирдлага, хүний нөөцийн менежмент зэргийг олон улсын жишигт нийцүүлэх боломжийг бүрдүүлдэг. Ингэснээр байгууллагын үйл ажиллагааны үр ашиг, үйлчилгээний чанар сайжирч, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 

2022 оны байдлаар далайд гарцгүй хөгжиж буй орнуудын худалдаа дэлхийн барааны экспортын ердөө 1.1 хувь, үйлчилгээний экспортын 0.7 хувь, дижитал үйлчилгээний экспортын ердөө 0.3 хувийг тус тус эзэлж байна. Үүнд газарзүйн байршил, дамжин өнгөрөх тээврийн зардал, логистикийн хүндрэл голлох нөлөө үзүүлдэг байна. Далайд гарцгүй хөгжиж буй орны тоонд багтдаг Монгол улс энэхүү хүндрэлийг бууруулах зорилгоор 2016 оноос хуурай боомт байгуулах асуудлыг хөндөж, байршил сонгох, судалгаа хийх, сургалт, семинар зохион байгуулах зэрэг бэлтгэл ажлыг хийж ирсэн. Улмаар улсын хэмжээнд найман байршилд хуурай боомт байгуулах боломжийг тодорхойлсон ч өнөөдрийг хүртэл эдгээр байршилд бүтээн байгуулалт бүрэн хэрэгжээгүй байна. Хуурай боомт байгуулснаар үнсний аюулгүй байдлыг хангах, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, экспортын бүтээгдэхүүний чанар, стандартыг олон улсын 20 шаардлагад нийцүүлэх, гадаад зах зээлд өөрийн улсын бүтээгдэхүүнээ гаргах боломжийг нэмэгдүүлнэ гэдгийг салбарынхан онцолж байна. 

Цаашид манай улс далайд гарцгүй байршлаас үүдэлтэй тээвэр, логистикийн өндөр зардлаа хэрхэн бууруулах, экспортын бараа бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд илүү хямд, шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэх нь чухал асуудал хэвээр байна. Үүний тулд хуурай боомтын бүтээн байгуулалтын явцыг ахиулах, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхээс гадна экспортын бүтээгдэхүүний чанар, стандартыг олон улсын шаардлагад нийцүүлэх хэрэгцээ байгааг салбарынхан онцоллоо. Гэвч энэ бүхнийг ямар бодлого, хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж, хувийн хэвшлийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг нь Монгол улсын цаашдын худалдаа, эдийн засгийн өсөлттэй шууд холбоотой асуудал хэвээр байна.