Энэ сарын 10-нд Улаанбаатар хотын агаарын чанарын индекс 175 нэгжид хүрч, дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын эхний 3-т эрэмбэлэгджээ 

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод агаарын температур өдөртөө нэмэх таван градус хүрч, харьцангуй тогтуун, дулаан өдөр тохиолоо. Гэвч ийм дулаан өдөр ч  нийслэл хот утаа мананд дарагдсан нөхцөл байдалтай байна. Иргэдийн зүгээс энэ нөхцөл байдал насанд хүрэгчдийн төдийгүй хүүхдийн эрүүл орчинд амьдрах эрхэд ч ноцтойгоор халдаж, ханиад томуугаар өвчлөх шалтгаануудын нэг болдогт бухимдлаа илэрхийллээ. 

Олон улсын агаарын чанарын хэмжилтийн хяналтын мэдээллээр энэ сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын агаарын чанарын индекс 175 нэгжид хүрч, дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын эхний гуравт эрэмбэлэгдсэн байна. Нарийн ширхэгт тоосонцрын агууламж үндэсний стандарт болон дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэмжээнээс хэд дахин давсан энэхүү үзүүлэлт нь зөвхөн гэр хорооллын захын бүсээр хязгаарлагдахгүй орчныг хязгаарлаж байгааг иргэд, олон нийт шүүмжилж байна. Иргэдийн зүгээс сайжруулсан шахмал түлшний тортог ихтэй, галлагаа хийх үед утаа, тортог ихээр ялгарч байгааг шүүмжилж  байна. Өвлийн улирал дөнгөж эхэлж, галлагаа бүрэн эрчимжээгүй байхад өглөөний цагаар үзэгдэх орчин хязгаарлагдах хэмжээнд утаа ихэссэн нь иргэдэд хүндрэл учруулж байгааг хэллээ. Мөн ханиад, томууны дэгдэлт нэмэгдэж, бага насны хүүхдүүдийн амьсгалын замын халдвар ихсэж байгаа энэ үед агаарын бохирдол эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж болзошгүйд санаа зовниж байна гэдгээ хэллээ. 

НҮБ-ын хүүхдийн сангийн мэдээллээр сүүлийн арван жилд Улаанбаатар хотын оршин суугчдын дунд амьсгалын замын халдварын тохиолдол 2.7 дахин нэмэгдсэн байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 2026-2030 онд агаарын бохирдлыг 55 хувиар бууруулах дунд хугацааны шинэ төлөвлөгөөний төслийг боловсруулж, хэлэлцүүлж эхэлснээ мэдэгдсэн. Гэсэн хэдий ч өнөөдрийн бодит нөхцөл байдалд чиглэсэн шуурхай зохицуулалт арга хэмжээ байхгүй байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна.