Инфляцын түвшин сүүлийн хоёр жилийн хугацаанд 6.8 нэгж хувиар буюу 103 орчим хувиар өссөн байна

Төв банкнаас улсын мөнгөний бодлогын хүрээнд инфляцыг 6 хувьд барих зорилтыг 2020 оноос хойш 7 жилийн хугацаанд тасралтгүй дэвшүүлж байгаа хэдий ч өнөөдөр инфляц тогтмол өссөөр 13.4 хувьд хүрээд байна. Инфляц ийнхүү өссөөр байгаад мах болон шатахууны үнийн нэмэгдэл голчлон нөлөөлсөн байна. 

—Инфляцын түвшин 2024 оны аравдугаар сард 6.6 хувьтай байсан бол 2025 оны мөн үед 9.2 хувь, харин энэ оны аравдугаар сард 13.4 хувь болж, тасралтгүй өссөн байна. Өөрөөр хэлбэл инфляцын түвшин сүүлийн хоёр жилийн хугацаанд  6.8 нэгж хувиар буюу 103 орчим хувиар өсжээ.
—Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 10 сарын инфляцын өсөлтөд мах, шатахууны үнийн нэмэгдэл голлон нөлөөлж, үнийн өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 4.2 нэгж хувиар нэмэгдсэн байна. Махны үнийн өсөлт 4 нэгж хувь, шатахуун, түлшний үнийн өсөлт 2.8 нэгж хувийн нөлөө үзүүлжээ.
—Бүр энгийнээр тайлбарлавал, ердөө 2 жилийн өмнө буюу 2024 оны 10-р сард үхрийн цул мах 1 кг нь дунджаар 19 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан бол өнөөдөр махны үнэ 30 мянган төгрөг болж, 57.9 хувиар нэмэгдсэн байна.
—Тэгвэл бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдсэн ч иргэдийн орлого  нэмэгдэхгүй байгаа нь өрхийн амьжиргаанд шууд нөлөөлсөөр байна. Тодруулбал, энэ оны 10-р сарын байдлаар улсын дундаж нэрлэсэн цалин 3 сая төгрөг болсон ч бараа бүтээгдэхүүний өсөлттэй харьцуулахад иргэдийн бодит худалдан авах чадвар 1.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

Өнгөрсөн сард инфляцын түвшин 12.9 хувьтай байсан бол энэ сард 13.4 хувь болж, 0.5 нэгж хувиар өсжээ. Инфляцын өсөлтөд голлон нөлөөлж буй мах, тээврийн зардлын нэмэгдэлд шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлж байна. Тухайлбал, АИ-92 шатахууны үнэ 2026 оны хоёрдугаар сард литр тутамдаа 2590 төгрөг байсан бол аравдугаар сард 3590 төгрөг болж, 1000 төгрөгөөр буюу 38.6 хувиар өссөн байна. Шатахууны үнийн өсөлт нь тээвэрлэлтийн зардал нэмэгдэх, улмаар бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх нэг хүчин зүйл болжээ.

Нөгөө талаас, 2027 оны төсвөөр төрийн албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэхэд 2.1 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн талаар Үндэсний аудитын газрын дүгнэлтэд дурджээ. Мөн ирэх оны төсвийн нийт зардлын 77.5 хувийг урсгал зардалд зарцуулахаар төлөвлөсөн байна. Эдийн засагчдын зүгээс үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд хангалттай анхаарал хандуулалгүйгээр төсвийн зардлыг нэмэгдүүлж, төсвийг тэлэх нь инфляц өсөх нэг шалтгаан болж байгааг онцолж байна. Хэрэв 2027 оны төсвийг одоогийн байгаа дүнгээр баталбал оны төгсгөл гэхэд инфляц 18 хувьд хүрэх эрсдэлтэйг Монголын банкны холбооноос мэдээлж байсан. Үүнээс гадна инфляцын өсөлтийн дийлэнх хувийг эзэлж буй шатахууны импортын эх үүсвэрийг зөвхөн ОХУ-аас хамааралтай байлгаж, нийлүүлэлтийн өөр эх үүсвэр бүрдүүлээгүй. Мөн дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулаагүй байгаа нь өнөөгийн нөхцөл байдалд нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг гэдгийг эдийн засагчид хэлж байна.

Инфляц хоёр оронтой тоонд хүрсэн өнөөгийн нөхцөлд төсвийн мөнгөн тэлэлт, шатахууны үнийн өсөлт давхацвал иргэдийн бодит орлого, худалдан авах чадварт үзүүлэх дарамт нэмэгдэнэ гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Үүн дээр дахин 3 их наяд төгрөгийг иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр тараах санал хэрэгжвэл үнийн дарамт улам нэмэгдэх эрсдэлтэй гэж эдийн засагчид онцоллоо.