МУ-ын Хэлний бодлогын зөвлөлөөс өчигдөр “Хэвлэл мэдээллийн хэл найруулга ба монгол хэлний зөв хэрэглээ” сэдэвт чуулга уулзалтыг салбарын төлөөллүүдтэй хамтран зохион байгууллаа. Хиймэл оюун ухаан хурдацтай хөгжиж, мэдээллийг олон нийтэд түгээх хэлбэр, арга барил эрчимтэй өөрчлөгдөж буйг дагаад хэвлэл мэдээллийн байгууллагуудын нийтлэл, нэвтрүүлэгт монгол хэлний зөв бичих дүрмийн болон найруулга зүйн алдаа түгээмэл гарах болжээ. Иймд дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэх, хэвлэл мэдээллийн салбарт монгол хэлний зөв хэрэглээг хэвшүүлэх арга замыг тодорхойлох зорилгоор уг чуулга уулзалтыг зохион байгуулжээ.
Цахим хэрэглээ хиймэл оюун ухаан эрчимтэй хөгжиж буй энэ цаг үед бидний өдөр тутмын яриа, бичгийн хэл нүд ирмэхийн зуур хувьсан өөрчлөгдөж байна. Өнөө үед аливаа мэдээллийг хэн түрүүлж хамгийн хурдан хүргэх вэ гэдэг өрсөлдөөн дунд эх хэлний зөв бичих дүрэм, найруулга зүй алдагдаж байгааг салбарынхан ихэд шүүмжилдэг. Ялангуяа хэвлэл мэдээллийн салбарынхан гадаад үгийг хэт их хэрэглэх, ярианы хэллэгийг шууд бичвэрт буулгах, эсвэл гадаад мэдээг үгчлэн орчуулснаас үүдэн уншигчдад юу хэлэх гээд байгаа нь ч ойлгогдохгүй тохиолдол цөөнгүй гарах болжээ. Хэл гэдэг угтаа цаг үеэ дагаад хөгждөг амьд зүйл боловч эвдэх, хөгжүүлэх хоёрын заагийг алдаж болохгүй зүйл гэдгийг салбарынхан онцоллоо. Тиймээс хэвлэл мэдээллийн салбарт эх хэлний зөв хэрэглээг төлөвшүүлэх, мэргэжлийн хэм хэмжээг мөрдүүлэх шаардлага тулгарч байгааг албаныхан илэрхийллээ.
Чуулга уулзалтад оролцогчид эх хэлний дархлааг хадгалахад хэвлэл мэдээллийн байгууллагууд шүүлтүүр буюу үлгэр дуурайлал нь байх ёстойг онцлов. Үүний тулд редакцуудад хэл найруулгын хяналт буюу редакторын орон тоо, үүрэг хариуцлагыг сэргээх, сэтгүүлчдийг мэргэшүүлэх сургалтыг тогтмолжуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Түүнчлэн хиймэл оюун ухааны хөгжлийг эх хэлнийхээ эсрэг бус, харин хамгаалах зэвсэг болгон ашиглаж, монгол хэлний зөв бичих дүрэм, найруулгын алдааг хянах цахим хэрэгсэл, толь бичгүүдийг хөгжүүлж, өргөнөөр нэвтрүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ.
Чуулга уулзалтын хүрээнд дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэх, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хэл найруулгын хяналтыг сайжруулах, сэтгүүлчдийн эх хэлний мэдлэг, хэрэглээг дээшлүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Мөн технологи хөгжиж, хэлний хэрэглээ хувьсан өөрчлөгдөх нь зүй ёсны үзэгдэл боловч энэ өөрчлөлтийн дунд монгол хэлний дархлаа, язгуур онцлог, зөв хэрэглээг хадгалан үлдэх нь нэн чухал гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолсон юм.