Өвөл малгай өмсөхгүй удаан явах нь ой санамж муудах, тархины судас агшиж цусны даралт ихсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

Өвлийн улиралд төдийгүй сэрүүн, салхитай өдрүүдэд малгайгүй явах иргэд цөөнгүй байдаг. Тэр дундаа  залуус үсний засалт, гадаад үзэмждээ анхаарч малгай өмсөхөөс татгалзах нь элбэг. Гэвч толгой, чихээ хүйтнээс хамгаалахгүй удаан явах нь ой санамж муудах цаашлаад тархины  судас агшиж цусны даралт ихсэх эрсдэлийг нэмэгдүүлж, харвалтын эрсдэлд нөлөөлөх хүчин зүйл болдог байна.

Монгол улс нь температурын хэлбэлзэл ихтэй, эрс тэс, хуурай уур амьсгалтай орон. Иймд хүйтний улиралд цаг агаарын нөхцөлд тохируулан хувцаслах, үсээ бүрэн хатаасны дараа гадагш гарах нь эрүүл мэндээ хамгаалах энгийн боловч чухал арга юм. Гэвч хүйтэн, сэрүүн нөхцөлд нимгэн хувцаслах, малгайгүй удаан явах нь иргэдийн дунд түгээмэл байна. Малгайгүй явах нь биеийн дулаан алдагдах, судас агших, цусны даралт нэмэгдэхэд нөлөөлдөг. Ялангуяа архаг хууч өвчин, мэдрэлийн тогтолцооны эмгэгтэй хүмүүсийн зовуурь сэдрэх эрсдэлтэй. Байна түүнчлэн насанд хүрсэн хүний тархины цусан хангамж нь зүрхний шахаж буй цусны ойролцоогоор 15 хувийг эзэлдэг. Харин хүйтний нөлөөгөөр захын судас агшиж, цусны даралт ихсэх, толгой өвдөх, хууч өвчин сэдрэх нүднээс нулимс гоожих стресс, ядаргаа хуйхны арьс хуурайших, цочрох, үс хуурайшиж, өнгө үзэмжээ алдах зэрэг нөлөө үзүүлж болзошгүй байна

Толгой нүцгэн яваа иргэдийн дийлэнх нь ЕБС-ийн ахлах ангийн сурагчид болон залуучууд байна. Хүйтний улиралд толгой, чихээ хамгаалахгүй явах нь биеийн дулаан алдагдах, судас агших, цусны даралт нэмэгдэх зэрэг эрүүл мэндийн эрсдэл дагуулдаг. Харин тархины судасны нарийсалт, цусны даралт ихсэх зэрэг нь тархины харвалтын эрсдэлт хүчин зүйлсэд тооцогддог байна. Манай улсад тархины харвалтын тохиолдол жилд дунджаар 100 мянган хүн ам тутамд 290 бүртгэгддэг бөгөөд харвалтын улмаас жил бүр 1000 гаруй хүн нас бардаг байна. Мөн сүүлийн жилүүдэд тархины харвалтаар өвчлөгсдийн нас залуужих хандлагатай болж, өвчлөгсдийн дундаж нас дэлхийн дунджаас 10 насаар залуужих болжээ харин залуучуудын хувьд толгой, чихээ хүйтнээс хамгаалахгүй явахын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг мэддэг ч үсний засалт, хэлбэр алдагдах, гадаад үзэмждээ санаа зовох зэрэг шалтгаанаар малгай өмсөхөөс татгалзах хандлага байна.

Тиймээс өвлийн улиралд малгай өмсөхийг зөвхөн хувцаслалтын нэг хэсэг бус, эрүүл мэндээ хамгаалах чухал дадал гэж ойлгох хэрэгтэй байна. Ялангуяа өглөө, оройн цагт агаарын температур эрс буурч, хүйтэн байдаг тул гадагш гарахдаа толгой, чихээ сайтар хамгаалахыг эмч мэргэжилтэнүүд зөвлөж байна. Өнөөдөр үсний засалтаа хадгалахын тулд малгайнаас татгалзаж болох ч эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байх нь хамгийн чухал юм.