“Тавантолгой түлш” ХХК 12-р сарын 1-ээс нэг өрхөд 14 хоногт 14 шуудай түлш олгох хувилбарыг судалж байна

Өвлийн хүйтэн эрчээ авч, гэр хорооллын айл өрхүүдийн дулаанаа хангах хэрэгцээ нэмэгдэж буй энэ үед нэг өрхөд 7 хоногт олгож буй 7 шуудай шахмал түлш хүрэлцэхгүй байгааг иргэд хэлсээр байгаа тул “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн 12-р сарын  6-аас эхлэн 14 хоногийн хэрэглээний 14 шуудай түлшийг нэг удаад олгох хувилбарыг судалж байгаа талаар мэдээлсэн. Гэвч энэ шийдвэр нь иргэдийн зүгээс өрхийн түлшний хэрэглээний хэмжээг нэмэгдүүлэх бус, зөвхөн олголтын давтамжийг өөрчилж буй зохицуулалт гэж үзэж байна. Иймд түлшний хэмжээг нэмэгдүүлэхээс гадна чанарыг сайжруулж, шаталтын хугацааг уртасган, дулаан хадгалах чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг иргэд хэлж байна

Өвлийн сар эхэлж хүйтний эрч чангарч байгаа энэ үед шахмал түлшний нийлүүлэлт иргэдийн өдөр тутмын хэрэгцээг бүрэн хангаж чадахгүйд хүрээд байна. Өнөөдрийн байдлаар агаарын температур харьцангуй дулаан байгаа ч ес эхлэх үед  нэг өрхөд олгодог 7 шуудай нүүрс 7  хоногт хангалтгүй байдаг гэдгийг иргэд хэлж байна. Мөн шахмал болон хагас коксжсон  нүүрсны чанар шаталтын хугацаа хангалтгүй байгааг хэллээ.

Иргэдийн зүгээс 7 хоногт 10 шуудай түлш олгох саналыг удаа дараа гаргасан. Үүнтэй холбогдуулан Тавантолгой түлш компаниас шахмал түлшний нөөц, татан авалтаас шалтгаалан нэг өрхөд 7 хоногт 10 шуудай түлш олгох боломжгүй гэдгийг тайлбарлалаа. Харин үүний оронд иргэд 14 хоногийн хэрэглээгээ бөөнд нь авах боломжтой болсныг тус компаниас мэдэгдлээ.

Гэвч бодит байдал дээр сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлт удаашралтай байгаагаас үүдэн гэрээт борлуулагч болон иргэдийн дунд үл ойлголцол, хүлээлт үүсээд байна. Тодруулбал борлуулагчдын зүгээс өдөрт 5 тонн түлш татан авч, борлуулахад бүтэн өдрийг зарцуулж байгаа энэ үед иргэдэд 14 хоногийн хэрэглээг бөөнд нь олгоход хүндрэл үүсэж болзошгүйг онцолж байгаа юм. Мөн 12-р сарын 6-аас хэрэгжиж эхлэх уг шийдвэрийн талаар иргэд харилцан адилгүй байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Хүний амьд явах анхдагч хэрэгцээ болон Хүний эрхийн түгээмэл тунхаглалд дулаан орон байраар хангагдах эрхийг хамгийн түрүүнд чухалчилдаг. Хүйтэн орчин нь эрүүл мэндэд шууд заналхийлж, ажиллаж амьдрах нөхцөлийг алдагдуулдаг тул хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд иргэдийг гал алдуулахгүй байх, түлшний түгээлтийг яаралтай цэгцлэхийг нийслэлийн удирдлага, ханган нийлүүлэгчдээс иргэд шаардаж байна.