ОХУ-ын армийн хөөргөсөн хоёр далавчит пуужин, нэг тийрэлтэт дрон НАТО-ын гишүүн бн Польш улсын агаарын орон зайн аюулгүй байдлыг зөрчиж, нутаг дэвсгэрт нь тусжээ. Энэ үйл явдал Европын холбоотнууд болон ОХУ-ын хоорондох хурцадмал байдлыг улам даамжруулсан төдийгүй НАТО-ын зүүн жигүүрийн агаарын довтолгооноос хамгаалах бэлэн байдал болон хариу үйлдэл үзүүлэх чадамжийг дахин сорьсон ноцтой сорилт болсон байна.
Энэ сарын 20-ны өглөөний 6 цагийн орчимд ОХУ-ын арми Украины нутаг дэвсгэрийг онилон 400 гаруй дрон, 110 гаруй пуужингаар томоохон агаарын цохилт өгөх үеэр уг гурван агаарын биет Польшийн хилийг давсан байна. Польшийн батлан хамгаалахын сайд Владислав Косиняк-Камыш ОХУ-ын "X-101" загварын далавчит пуужин Украины хилээс 50 км-ийн зайд орших Новы Липовец тосгоны орчимд, өөр нэг пуужин Рудник-Над-Санем хотын ойролцоо, харин тийрэлтэт хөдөлгүүртэй дрон Молодыч суурингийн орчимд тус тус унасан бөгөөд хүний амь эрсдээгүй, барилга байгууламж сүйдээгүй гэж мэдэгдлээ.
Тухайн үед НАТО-ын агаарын хамгаалын эргүүлд гарч байсан Шведийн агаарын цэргийн хүчний "Jas 39 gripen" сөнөөгч онгоцны нисгэгч байг устгах зөвшөөрөл авсан хэдий ч цаг агаарын нөхцөл байдал хэт муу байснаас болж пуужинг нүдээр таньж чадалгүй гал нээж амжаагүй тухай Польшийн цэргийн командлалаас тайлбарлажээ. Энэхүү хэрэг явдал Европын 11 орны цэрэг оролцсон "Koalicja 26.2" нэртэй олон улсын цэргийн сургуулилт явагдаж байсан Нова-Демба баазаас ердөө 35 км-ийн зайд тохиолдсон нь Варшав болон холбоотнуудын зүгээс үүнийг санамсаргүй осол бус, харин зориудаар үйлдсэн өдөөн хатгалга гэж үзэхэд хүргэжээ.
Польшийн ерөнхий сайд Доналд Туск "Энэ бол санамсаргүй тохиолдол шиг огт харагдахгүй байна. Бид санаатай өдөөн хатгасан үйлдэлтэй нүүр тулж байна. Польшийн газар нутагт унасан зүйлс Оросоос ирсэн гэдгийг бид баттай мэдэж байна" хэмээн мэдэгджээ. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп "Путин Польш руу цөөн хэдэн жижиг пуужин, дрон андуурч унагасан" гэж хэлсэн бол Польшийн ерөнхий сайд Доналд Туск няцаасан тайлбар өглөө.
Тэрээр "Зөөлнөөр хэлэхэд би эдгээр хэрэг явдалд өгч буй Америкийн талын үнэлэлт дүгнэлттэй тэр бүр санал нийлдэггүй. АНУ-ын албаныханд пуужингийн сэг зэмийг шалгах боломж нээлттэй байгаа тул энэ удаад хэн ч үүнийг зүгээр нэг гэмгүй осол байсан гэж дүр эсгэхгүй байх гэж бодож байна" гэж хатуу хэлжээ