АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп худалдааны шинэ хориг, татварын бодлогоо танилцууллаа

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп завсрын сонгуульд Бүгд Найрамдах нам ялагдал хүлээснээс үл шалтгаалан дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах бодлогоо үргэлжлүүлж байна. Тухайлбал өнгөрөгч лхагва гарагт тэрээр өөрийн улсын худалдааны гол 14 түнш орны импортын бараа бүтээгдэхүүнд шинэ тариф оногдуулах шийдвэрээ танилцууллаа. 

Д.Трампын засаг захиргаа Хятад, Япон, Европын холбоо, Энэтхэг, Вьетнам зэрэг улс орнууд үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал бий болгож, дэлхийн зах зээлийг хямд бараагаар дүүргэж байна хэмээн буруутгаж, 20-40 хүртэлх хувийн дээд хязгаар бүхий шинэ татвар ногдуулахаар төлөвлөж байна. Гэхдээ АНУ-ын худалдааны төлөөлөгчийн газраас өмнө нь байгуулсан эсвэл хэлэлцээний шатанд яваа худалдааны гэрээнд тусгагдсан доод хэмжээнээс хэтрүүлэхгүй байхаар тарифыг хязгаарлана гэж мэдэгдлээ. 

АНУ-ын худалдааны төлөөлөгчийн газраас Хятадын үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадлыг мөрдөн шалгасныхаа дараа тус улсад нэмэлт 20 хувийн татвар ногдуулахаар боллоо. Энэ нь Д.Трампын өмнө нь тогтоосон 25 хувийн татвар дээр нэмэгдэж тооцогдоно. Хэрэв ирэх нэгдүгээр сарын 10-нд хоёр орны худалдааны түр эвлэрэл дуусгавар болбол уг татвар 40 хувь болж өсөх юм.

Түүнчлэн АНУ-ын засгийн газраас Вьетнам улстай худалдааны хэлэлцээр байгуулж чадвал 20 хувь, эс бөгөөс 35 хувийн татвар ногдуулахаар болж байна. Харин Европын холбоо, Япон, Өмнөд Солонгос, Тайвань зэрэг улс орон, бүс нутгийн импортод одоо мөрдөгдөж буй татварыг оролцуулан 15 хувийн хязгаар тогтоохоор санал болгожээ. Мөн Бразилын "Embraer" агаарын хөлөгт 10 хувийн татвар шинээр ногдуулахаар тусгасан байна. Өнгөрсөн 2-р сард АНУ-ын дээд шүүх онц байдлын тухай хуулийн дагуу Д.Трампын татвар оногдуулах шийдвэрийг хүчингүй болгосон юм. Иймд цагаан ордон энэ удаад шүүхээр шалгагдсан илүү бат бөх хууль зүйн үндэслэл болох 1974 оны худалдааны тухай хуулийн 301 дүгээр зүйлийг ашиглан найман сарын турш хийсэн мөрдөн шалгалтын үр дүнд үндэслэн ийнхүү шинэ арга хэмжээ авч байна.