Дүүргийн хэсгийн ахлагчдын урамшуулалд нийт 34.5 тэрбум төгрөг тусгаж сард 1.5 сая төгрөгийн урамшуулал олгохоор тооцжээ

Ирэх оны нийслэлийн төсвийн төсөлд нийт орлогыг 4.6 их наяд төгрөг, зарлагыг 4.89 их наяд төгрөг байхаар тооцсон байна. Тэгвэл дүүргийн хэсгийн ахлагчдын урамшуулалд нийт 34.5 тэрбум төгрөг тусгасан бөгөөд нэг хэсгийн ахлагчид сард 1.5 сая төгрөгийн урамшуулал олгохоор тооцжээ. Гэвч иргэд сонгууль дөхсөнтэй холбоотойгоор хороодын хэсгийн ахлагч нарын урамшууллыг  нэмлээ хэмээн  шүүмжилж байна. 

—Нийслэлээс 2027 оны төсвийг өмнөх оныхоос 600 гаруй тэрбум төгрөгөөр бууруулж, төрийн албан хаагчдын тоог 1000-аар цөөлөх хэмнэлтийн бодлого зарласан. Гэвч бодит байдал дээр нийслэлийн 9 дүүргийн 1912 хэсгийн ахлагчийн урамшуулалд жилд 34.5 тэрбум төгрөг, сард 2.88 тэрбум төсөвлөсөн нь нэг талдаа орон тоо цөөлөх нэрийдлээр нөгөө талдаа анхан шатны бүтцийн зардлаа тэлж буй зөрчилтэй алхам болжээ.
—Тодруулбал, өнгөрсөн 2025 оны эхний улиралд хэсгийн ахлагч нар 900-аас 1 сая төгрөгийн урамшуулал авдаг байсан бол тус оны 3-р сард хуралдсан НИТХ-ын хуралдаанаар 200 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн 1.2 сая орчим болгож нийт 28.9 тэрбум төгрөгийг төсөвлөж байжээ. 
—Тэгвэл 2027 оны төсвийн төсөлд  дахин 300 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 1.5 сая төгрөг болгосноор зөвхөн хэсгийн ахлагч нарын урамшууллын нийт зардал 2 жилийн дотор 9.4 тэрбум төгрөгөөр буюу 37 хувиар өсөөд байна.
—Хороодын хэсгийн ахлагч нар нь албан ёсоор төрийн албан хаагчийн орон тоонд ордоггүй боловч сар бүр 1.5 сая төгрөг тогтмол олгож буй нь төрийн албаны цалингийн сүлжээнээс гадуурх далд орон тоо, цалингийн сан үүсгэж байна. Түүнчлэн нэг хэсгийн ахлагч 200–300 өрхтэй өдөр тутам тулж ажилладаг нь энэхүү 34.5 тэрбум төгрөгийг төрийн үйлчилгээнээс илүүтэй сонгуулийн болон улс төрийн сурталчилгаа, зохион байгуулалтын сүлжээг санхүүжүүлэх хэрэгсэл болгох эрсдэлтэй гэж иргэд шүүмжилсээр байна.

Монгол улсад хороо, багийн доторх "хэсэг"-ийн зохион байгуулалт нь 1990-ээд оны эхээр олон нийтийн оролцоо, сайн дурын үндсэн дээр бий болсон бөгөөд 2016 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн нийслэлийн төсвөөс тогтмол урамшуулал олгож эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд хэсгийн ахлагч нарын урамшуулалд 2022–2026 оны хооронд нийт 106 тэрбум төгрөг зарцуулсан бол 2027 онд 34.5 тэрбум төгрөг төсөвлөөд байна. Тогтмол урамшуулал олгож эхэлсэн 2016 оноос хойших нийт зарцуулалтыг харвал ойролцоогоор 145–155 тэрбум төгрөгт хүрч байна. 

Хэсгийн ахлагч гэдэг нь хорооны нутаг дэвсгэрийг жижиг хэсгүүдэд хуваан зохион байгуулсан нэгжид ажиллаж, тухайн хэсгийн айл өрх, оршин суугчидтай өдөр тутам харилцдаг орон нутгийн анхан шатны зохион байгуулалтын ажилтан юм. Тэд хорооны ажилтнууд болон иргэдийн хооронд мэдээлэл дамжуулах, өрхийн амьжиргаа, нийгмийн халамжийн хэрэгцээ, шаардлагатай холбоотой мэдээлэл цуглуулах, нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, цэвэрлэгээ, орчны асуудлыг холбогдох байгууллагад мэдээлэх, иргэдийг төрийн үйлчилгээтэй холбон зуучлах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг. Гэвч иргэдийн зүгээс хорооны хэсгийн ахлагч нар ихэвчлэн сонгуулийн үеэр л холбогдож, идэвхтэй ажилладаг бөгөөд сонгуулийн бусад үед иргэдтэй тогтмол харилцах, тэдний санал хүсэлтийг сонсох, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хангалттай ажилладаггүй гэх шүүмжлэлийг дагуулж байна

Иргэдийн хэлж буйгаар, зарим хэсгийн ахлагч сонгуулийн үеэр иргэдийн саналыг худалдан авах, мөнгө, эд зүйл тараах, сонгогчдод аль нэр дэвшигчийг дэмжихийг тулгах зэрэг үйлдэл гаргадаг гэдгийг хэлж байна. Түүнчлэн хэсгийн ахлагчдын урамшуулал жил бүр улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг тул тэдний ажлын гүйцэтгэл, хариуцлагыг бодит үр дүнд үндэслэн үнэлэх шаардлагатай гэж иргэд үзэж байна. Тухайлбал, хэдэн өрхөөр орсон, хэдэн удаа мэдээлэл дамжуулсан зэрэг тоон үзүүлэлтээр хязгаарлахгүйгээр тухайн хэсгийн иргэдийн тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлүүлсэн, нийтийн эзэмшлийн орчны нөхцөл байдалд ямар эерэг өөрчлөлт гаргасан, иргэдийн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн хүлээн авч, шийдвэрлүүлсэн зэрэг бодит үр дүнг харгалзан үнэлэх нь зүйтэй гэж үзэж байна.