1.5 ТЭРБУМ ХЭРЭГЛЭГЧТЭЙ

 

1 тэрбум 500 мянган хэрэглэгчтэй whatsapp аппликейшн кибер халдлагад өртсөн тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.  Үүнтэй холбогдуулаад Whatsapp компанийн зүгээс бүх хэрэглэгчиддээ аппликейшний шинэчилсэн хувилбарыг суулгаж, кибер халдлагаас өөрсдийгөө хамгаалахыг уриалжээ.

Фэйсбүүк компанийн эзэмшдэг whatsapp аппликейшнээр дамжуулан хакерууд тодорхой тооны хэрэглэгчдийн гар утас болон бусад төхөөрөмжүүдэд нууц хяналтын программ суулгадаг болох нь тогтоогдсон талаар даваа гарагт BBC агентлаг мэдээлсэн байна.

Одоогоор энэхүү халдлагын ард Израилд төвтэй NSO хэмээх технологийн фирм буруутай байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа бөгөөд хакеруудын зүгээс тодорхой тооны хэрэглэгчдийг сонгон авч, тэдний ватсапп руу дуудлага хийх шугамаар хяналтын программаа суулгадаг байсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Тодруулбал тухайн хэрэглэгч ватсапп-таа ирсэн сэжиг бүхий дуудлагыг хүлээж авахгүй байсан ч нууц программ утсанд нь суух бөгөөд тухайн ирсэн дуудлага төд удалгүй дуудлагын бүртгэлээс ор мөргүй арилж байгааг тогтоосон байна.

Ватсапп компанийн зүгээс системдээ гарсан энэхүү цоорхойг өнгөрөгч долоо хоногт засварлаж дууссанаа мэдэгдсэн ч дахин энэ төрлийн халдлага гарахаас сэргийлэх үүднээс бүх хэрэглэгчиддээ өөрсдийн ватсапп аппликейшнээ апдейт хийх буюу шинэчилсэн хувилбарыг нь суулгахыг зөвлөжээ.

Фэйсбүүкээс сүүлд танилцуулсан тоо мэдээллээр 1 тэрбум 500 мянга хэрэглэгчтэй гэгдэж байгаа ватсапп аппликейшний нийт хэрэглэгчдийнх нь хэдэн хувь нь уг халдлагад өртсөн нь одоогоор тодорхойгүй байгаа юм.