Жулиан Ассанжид холбогдох бэлгийн хүчирхийллийн хэргийг Швед улсын прокурорын газраас эргэн сэргээхээр болсноо мэдэгдлээ

Викиликс цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжид холбогдох бэлгийн хүчирхийллийн хэргийг Швед улсын прокурорын газраас эргэн сэргээхээр болсноо мэдэгдлээ.

Энэхүү хэрэгт өөрийгөө гэм буруугүй гэсэн тайлбар өгөөд байгаа Жулиан Ассанжийн зүгээс 2012 онд  батлан даалтаар суллагдах үедээ Швед улсад шилжүүлэн өгөхөөс зугтаж, сүүлийн 7 жилийн хугацаанд Их Британи дахь Эквадорын элчин сайдын яаманд орогнож байсан юм.

Гэвч түүнийг өнгөрөгч сард Эквадор улсын ерөнхийлөгч Ленин Морено элчин сайдын яаманд орогнож байх хугацаандаа олон улсын протоколыг удаа дараа зөрчиж, улс орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг завдсан хэрэгт буруутган улс төрийн орогнолыг нь цуцлах шийдвэр гаргажээ.

Улмаар Их Британийн шүүхээс Жулиан Ассанжид батлан даалтын гэрээг зөрчсөн хэргээр 50 долоо хоног буюу 11 сарын хугацаатай хорих ял оноогоод байгаа юм.

Швед улсын талаас 2010 онд холбогдох бэлгийн хүчирхийллийн хэргийг эргэн сэргээх шийдвэр гаргасан нь Жулиан Ассанжийг гэм буруугүйг нотолж, нэр төрийг сэргээх боломж байж магадгүй хэмээн харж байгаагаа Викиликс цахим хуудасны ерөнхий редактор мэдээлсэн бол Ассанжийн өмгөөлөгчдийн зүгээс үйлчлүүлэгч нь хэргийн үнэн мөнийг тогтоолгох хүсэлтэй байгаа ч АНУ-руу шилжүүлэн өгөх вий гэхээс болгоомжилж байгааг мэдээлсэн байна.

Их Британийн засгийн газраас хэрвээ Жулиан Ассанжийг АНУ-руу  шилжүүлэн өгөхөөр болвол төрийн нууц мэдээллийг задруулсан хэргээр 35 жилийн хорих ял, бүр цаашилбал цаазаар авахуулах ял оноож магадгүй байгаа юм.