ӨНӨӨДРӨӨС САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШИЙГ 8 ЦЭГТ ХУДАЛДААЛЖ ЭХЭЛЛЭЭ

Түүхий нүүрсийг тавдугаар сарын 15-ны өдөр буюу  өнөөдрөөс эхлэн нийслэл рүү оруулах мөн хэрэглэхийг хориглосон  шийдвэртэй холбогдуулан иргэдэд түүхий нүүрсний хор уршгийг таниулах өдөрлөг Сүхбаатарын талбайд  зохион байгуулагдлаа.

Дэлхийн өндөр хөгжилтэй хотууд түүхий нүүрсний хэрэглээгээ хязгаарласнаар агаарын бохирдолтой бодитоор тэмцэж чадсан сайн туршлага байдаг. Жишээлбэл, 1952 онд Лондон хотын түүхий нүүрсний хэрэглээнээс үүссэн агаарын бохирдол нь гамшгийн хэмжээнд хүрч жил хүрэхгүй хугацаанд 10 гаруй мянган иргэнээ алдаж байсан гашуун түүхтэй.

Харин өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод гэр хорооллын 211 мянга гаруй өрх түүхий нүүрс түлж агаарын бохирдлын 80 гаруй хувийг үүсгэж байна гэж үздэг. Тэгвэл өнөөдрөөс эхлэн мөрдөгдөж буй түүхий нүүрсний хориг нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50-60 хувиар бууруулна гэж холбогдох газруудаас мэдээлж байна.

Нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг хориглож, сайжруулсан шахмал түлшний хэрэглээг түлхүү нэвтрүүлэх ажлыг зохион байгуулагчдын зүгээс агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо маш чухал гэдгийг онцолж байна. Үүнд, нөөцөлсөн байгаа түүхий нүүрсээ далд хэлбэрээр түлшинд ашиглахгүй байх, хүйтний улиралд орон байрныхаа дулаан алдагдлыг бууруулах зэрэг нь агаарын бохирдолтой тэмцэхэд оруулж  буй иргэн хүний маш том хувь нэмэр төдийгүй иргэн хүний биелүүлэх үүрэг, ухамсрын асуудал гэж үзэж байна.