ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ДӨРВӨН САРЫН БАЙДЛААР МОТОЦИКЛИЙН ОСЛООР 28 ХҮН АМИА АЛДЖЭЭ

Урин дулаан цаг үе ирж байгаа энэ үед иргэд мотоцикл ашиглан зам тээврийн хөдөлгөөнд оролцох нь ихэсдэг. Мотоциклоор авто замын хөдөлгөөнд оролцох нь замын түгжрэлд орохгүй, шатахууны хэмнэлтэй гэх зэргээр олон давуу талтай ч аюулгүй байдал талаасаа өндөр эрсдэлтэйд тооцогддог юм.

Мотоциклоос үүдэлтэй зам тээврийн ослын тоо жил ирэх тусам өсөх хандлагатай байна. Энэ он гарсаар эхний дөрвөн сарын дотор 28 хүн мотоциклийн ослоос үүдэж нас баржээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 27 хувиар өссөн байна.

 Ослын голлох шалтгаан нь согтууруулах ундаа хэрэглэсэн, хамгаалалтын малгай хэрэглээгүй байжээ. Түүнчлэн хөдөө орон нутгийн замд хатуу хучилттай замд зориулсан мотоцикл ашиглаж байгаа нь ослын томоохон шалтгаан болдог байна.

Түүнчлэн мотоцикл нь дотроо зориулалтаасаа шалтгаалаад олон янз байдаг тул өөрийн хэрэгцээгээ тодорхойлж түүндээ нийцсэн мотоцикл худалдаж авахыг зөвлөдөг байна.

Мотоцикл унахдаа хамгаалалтын хувцас хэрэглэлийн зааврын дагуу зүүж хэрэглэснээр осол гэмтлийн үед үхэлд хүргэх аюулаас 40 хувь хамгаалдаг гэх олон улсын судалгаа бий. Тийм учраас мотоцикл унаж хэрэглэхдээ зориулалтын хамгаалалтыг хэрэглэж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.