САН ФРАНЦИСКО ХОТ ЦАРАЙ ТАНИХ ТЕХНОЛОГИЙГ ХОРИГЛОСОН АНУ-ЫН АНХНЫ ХОТ БОЛЛОО

21-р зуунд хүмүүсийн өдөр тутмын амьдралд техник технологийн хөгжил дэвшил асар олон өөрчлөлт, шинэ боломжуудыг бий болгож байгаа ч нөгөө талаас хувь хүний орон зай, эрх чөлөөнд халдах эрсдэл нүүрлээд байгаа нь нууц биш. Тиймээс царай таних технологийг АНУ-ын Сан Франциско хотын хууль тогтоогчид бүрэн хориглох шийдвэр гаргаснаа мягмар гарагт зарлалаа.

Ингэснээр тус хотын хууль сахиулах, зам тээврийн салбаруудад царай таних технологийг ашиглах нь хориотой болж байгаа бөгөөд ирээдүйд аливаа нэг хяналтын төхөөрөмж нэвтрүүлэхдээ хотын захиргаанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай тулгарч байна.  

Шүүмжлэгчдийн зүгээс уг шийдвэрийг хотын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, гэмт хэргийн гаралтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй хэмээн анхааруулаад байгаа бол шийдвэр гаргагчдын зүгээс энэхүү технологийг хүмүүсийн хувийн орон зай, эрх чөлөөнд саад учруулж байгаа тул хориглох шийдвэр гаргаснаа мэдэгджээ.

Сан Франциско хотын удирдах зөвлөлийн 11 гишүүнээс 8 гишүүний дэмжлэгийг авсан энэхүү журмыг хүний эрхийн тэмцэгчид ардчилсан засаглалыг дээдэлж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан шийдвэр боллоо хэмээн талархал дэвшүүлсэн байна.