УМАРД СОЛОНГОС АЧААНЫ ХӨЛӨГ ОНГОЦОО БУЦААН АВАХ ХҮСЭЛТИЙГ АНУ-Д УЛАМЖИЛЖЭЭ

Умард Солонгосын Батлан хамгаалах яам АНУ-д хураагдсан ачааны хөлөг онгоцоо яаралтай буцаан авах хүсэлтэй байгаагаа Вашингтоны эрх баригчдад уламжилсан байна. Өнгөрөгч 2018 оны дөрөвдүгээр сард Индонез улсад анх саатуулагдаж, улмаар АНУ-руу шилжүүлсэн энэхүү онгоц нь умард Солонгосын экспортын хамгийн их хувийг эзэлдэг нүүрсний тээвэрт ашиглагдаж байсан тухай АНУ-ын Хууль зүйн яам мэдээлсэн юм.

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын Батлан хамгаалах яам Номхон далайн Самоа арал дээр саатуулагдаад байгаа нүүрс тээвэрлэгч хөлөг онгоцоо даруй буцаан авах шаардлагыг АНУ-д хүргүүлсэн байна.

Өнгөрөгч долоо хоногт АНУ-ын Хууль зүйн яамнаас Пёньяны нүүрс тээвэрлэгч хоёр дахь том ачааны хөлөг онгоцыг олон улсын хориг арга хэмжээг зөрчсөн хэргээр хураан авч, шалгалт явуулж байгаагаа мэдэгдсэн юм.

Анх 2018 оны дөрөвдүгээр сард Индонез улсад саатуулагдсан тус хөлгийг Вашингтоны эрх баригчдаас гаргасан нэхэмжлэлийн дагуу өнгөрөгч долоо хоногт АНУ руу шилжүүлжээ.

Үүнтэй холбогдуулаад умард Солонгосын талаас АНУ-ыг хоёр орны удирдагчдын Сингапур улсад хийсэн яриа хэлэлцээрийг зөрчиж, булаан дээрэмдэх үйл ажиллагаа явуулж байна хэмээн буруутгажээ.

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун долоо хоног хүрэхгүй хугацааны дотор хоёр ч удаа богино тусгалын пуужин харвасан үйл явдлын дараагаар АНУ-ын тал умард Солонгосын хөлөг онгоцыг хориг арга хэмжээ зөрчсөн гэсэн шалтгаанаар хураасан нь хоёр орны дунд үүсээд буй маргаантай байдлыг улам хурцатгасан үйл явдал боллоо хэмээн ажиглагчид үзэж байна.

Умард солонгосын талаас 60 хоногийн дотор энэ асуудлаар АНУ-ын шүүхэд зарга мэдүүлэх боломжтой ч хэрэв татгалзвал АНУ-ын өмч болж, цаашлаад худалдах эрхтэй болно гэж эх сурвалжууд мэдээлжээ.