АНУ-ын хамгийн том экспортлогч "Боинг" компани мягмар гарагт танилцуулсан тайландаа өнгөрөгч 4-р сард тус компани нэг ч шинэ захиалга аваагүй тухайгаа мэдээлжээ. Тус компанийн дан ганц 737 загварын онгоц нь бус 787 болон 777 зэрэг бусад загварын онгоцууд нь ч мөн ямар ч захиалга аваагүй талаар дурдсан байна. 

Этиоп болон индонез улсад гарсан онгоцны хоёр ч томоохон осолтой холбогдуулаад “Боинг” компанийн 737 макс загварын онгоцуудыг өнгөрөгч 3-р сараас эхлэн дэлхий нийтээр түр хориглох шийдвэр гаргаад байгаа  ч аюулгүй байдлын тал дээр ямар нэг асуудал гаргаагүй бусад загварын онгоцуудынх нь захиалга ч мөн давхар  буурч байгаа явдал анхаарал татаж байгаа юм.

Хэдийгээр үүнийг 4 болон 5-р саруудад нисэх онгоцны захиалга гол төлөв буурдагтай холбон тайлбарлаж болох ч өнгөрөгч оны 4-р сард “Боинг” компани 76 шинэ захиалга авсан үзүүлэлттэй байсан талаар мэргэжилтнүүд мэдээлжээ.

Өнгөрөгч оны 10-р сард Индонезийн "Lion air" компанийн "Боинг-737 Макс-8" загварын нисэх онгоц тэнгисийн усанд осолдож, 189 хүний амь нас үрэгдсэн үйл явдлаас хойш 5 сар хүрэхгүй хугацааны  дараа Этиоп улсын нийслэл Аддис-Абеба хотоос Кени улсын нийслэл Найроби хотыг чиглэн хөөрсөн иргэний агаарын тээврийн "Боинг-737 макс-8" загварын нисэх онгоц хөөрснөөсөө хойш ердөө 6 минутын дараа осолдож, онгоцонд зорчиж явсан 157 хүн бүгд амь үрэгдсэн юм.

Ослын урьдчилсан шатны дүгнэлтээр "Этиопиан эйрлайнс" компанийн нисгэгчид “Боинг” компаниас өгсөн зааварчилгааг ном журмын дагуу гүйцэтгэсэн ч аюулгүйн автомат системд алдаа заасны улмаас онгоцны хамрыг доош нь чиглүүлсээр осол гарсан гэх дүгнэлтэд хүрээд байна.