АНУ МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРТАА ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАЛАА

 АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр Мэдээлэл, Харилцаа холбооны салбартаа онц байдал зарлаж, улс эх орных нь аюулгүй байдалд саад учруулах эрсдэлтэй харилцаа холбооны төхөөрөмжүүдийг гадаадын фирмүүдээс худалдаж авахыг хориглох шийдвэр гаргаснаа зарлалаа.

Хэдийгээр АНУ-ын зүгээс энэ удаагийн захирамжид аль улсын, ямар технологийн фирмүүд хамаарч байгааг нэр цохон тэмдэглээгүй ч ажиглагчдын зүгээс үүнийг хятадын "Huawei" компанийн бүтээгдэхүүн үйлчилгээнд шахалт үзүүлэх зорилготой алхам хэмээн үзэж байгаагаа мэдээлээд байна.

Учир нь АНУ-ын эрх баригчид "Huawei"  компанийг Хятад улсын засгийн газрын өмнөөс бусад улс орнуудад тагнуулын ажиллагаа явуулдаг гэх хэрэгт буруутгаж, тус компанийн бүтээгдэхүүн үйлчилгээнээс татгалзахыг европын улс орнуудад уриалаад байгаа юм.

Хэдийгээр "Huawei"  компанийн зүгээс энэхүү мэдээлэлд няцаалт хийсээр ирсэн ч АНУ-ын холбоотнууд болох Шинэ Зеланд, Австрали зэрэг орнууд удахгүй нэвтрүүлэхээр төлөвлөөд байгаа 5G сүлжээндээ Хуавей компанийн тоног төхөөрөмжийг хэрэглэхээс зайлсхийж байгаагаа мэдэгдсэн байна.

Бүтээгдэхүүн үйлчилгээг нь тойрсон аюулгүй байдлын асуудлууд маргаан дэгдээж эхэлсэнтэй холбогдуулаад Хуавей компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ляан Хуа мягмар гарагт Их Британийн Лондон хотод болсон уулзалтын үеэр улс орнуудын засгийн газруудтай тагнуулын үйл ажиллагааны эсрэг хэлэлцээр байгуулахад бэлэн гэсэн саналыг дэвшүүлжээ.