ХУД-ИЙН 15-Р СУРГУУЛЬ ХҮЧИН ЧАДЛААСАА ХОЁР ДАХИН ИХ ХҮҮХДИЙГ ХАМРАН СУРГАЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн 15-р дунд сургуульд сүрьеэ өвчний нян илэрч  тус сургуулийн 38 сурагч нэг багш өвчилсөн тухай мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Тэгвэл олон хүн төвлөрсөн, агааржуулалт муутай орчинд сүрьеэ өвчний халдвар дамжих, улмаар дэгдэлт гарах эрсдэлтэй байдаг. Ялангуяа танхимаар хичээллэдэг сургуулийн орчинд амьсгалын замаар дамжих халдвар тархах эрсдэлтэй юм. Тиймээс амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд сургуулийн дотоод орчны агааржуулалт, ариун цэвэр, эрүүл ахуйг хангах нь чухал юм. Тэгвэл 15-р сургууль дээр гарсан сүрьеэгийн халдварын дэгдэлт орчны эрүүл ахуйгаагаас шалтгаалсан уу?

ХУД-ийн 15-р сургуулийн барилга 1974 оноос хойш 45 жил ашиглагдаж байгаа юм. Тиймээс барилгын суурь агааржуулалт мууджээ. 2009 оноос хойш үе шаттайгаар хуучин жижиг салхивчтай цонхнуудаа вакум цонхоор сольж эхэлсэн байна. Ингэснээр сургуулийн агааржуулалт сайжирна гэж үзжээ. Мөн нийслэл, улсын төсвөөс сургуульд нийлүүлсэн 22 агаар цэвэршүүлэгчийг байнга ажиллуулдаг байна.

Мөн 15-р сургуулийн хувьд хүчин чадлаасаа хоёр дахин их хүүхдийг хамран сургаж байна. Өнөөдрийн байдлаар тус сургуульд 1710 хүүхэд суралцаж, нэг анги 55 сурагчтай хичээллэж байгаа юм. Уг нь ерөнхий боловсролын сургуулийн бага ангид 30-35, дунд ахлах ангид 32-35 хүртэлх сурагч суралцана гэсэн журам байдаг ч сургуулийн хүрэлцээнээс шалтгаалж дээрх журам хэрэгжихгүй байна. Мөн тус сургуульд 32-р дунд сургуулийн сурагчид 2013-2017 он хүртэл хичээллэдэг байсан учир гурван ээлжтэй байжээ. Одоогоор хоёр ээлжтэй байгаа ч ирэх хичээлийн жил хамран сургах хүүхдийн тоо нэмэгдэж гурван ээлжээр хичээллэх төлөвтэй байгааг хэлсэн юм. 

15-р сургууль 2017 оноос хойш сурагчид багш нараа үе шаттайгаар сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамруулжээ. Тэгвэл тус сургууль дээр сүрьеэгийн халдвар дэгдсэнтэйгээр холбогдуулан эцэг эхчүүдийн шаардлагаар гурав хоног их цэвэрлэгээ хийхээр болж сурагчид хичээллэхгүй байгаа юм байна.