СҮҮЛИЙН ТАВАН САРЫН ДОТОР МАХНЫ ҮНЭ 22.9 ХУВИАР ӨСЛӨӨ

Төв банкнаас энэ онд инфляц буюу өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн түвшинг найман хувьд тогтоон барина гэж зарлаж байсан. Харин Үндэсний статистикийн хорооны цаг үеийн мэдээллээс харахад манай улсын инфляцийн түвшин өнгөрсөн дөрвөн сард 7.8 хувьд хүрчээ. Инфляцийн түвшин ийм хэмжээнд хүрэхэд  махны үнийн өсөлт нөлөөлсөн гэж үзэж байна.

1. 2018 оны байдлаар манай улсад нийтдээ 66 сая 459 мянган мал тоологджээ. Харин энэ хаврын мал төллөлт дуусаагүй байгаа ч одоогийн байдлаар 20 сая гаруй төл хүлээн аваад байна.

2. Хүн амын дотоодын хэрэгцээнд жилд дунджаар 12 сая орчим толгой мал буюу нядалгааны жингээр тооцвол 400 мянган тн орчим махыг хөдөө аж ахуйгаас бэлтгэдэг. Хүнсэнд хэрэглэх махны 31.5 хувийг хонь, 21.3 хувийг үхэр эзэлдэг байна.

3. Яг нэг жилийн өмнө буюу 2018 оны тавдугаар сарын 16-ны өдөр үхрийн ястай мах 8300 төгрөг байсан бол цул мах 10.000 төгрөгийн ханштай байжээ.

4. Өнөөдөр үхрийн ястай мах 11833 төгрөг харин цул мах нь 14134  төгрөгийн ханштай байна.

Монголчуудын хүнсний хамгийн гол хэрэгцээ бол мах юм. Гэвч сүүлийн хэд хоногт махны үнэ 16.000 төгрөг хүртэл өссөн тохиолдол гарлаа. Салбарын сайд махны үнийн өсөлтийг цаг агаарын тогтворгүй байдалтай холбон тайлбарласан юм. Түүнчлэн цаг агаар тогтуун болохтой зэрэгцэн махны үнийг бодлогоор буулгаж тогтворжуулна гэсэн юм.

Гэвч бодит байдал дээрээ махны үнэ өссөн дүнтэй байна. Үндэсний статистикийн хорооны дөрөвдүгээр сарын тайлангаас харахад 2018 оны сүүлээс буюу 5 сарын дотор 20 гаруй хувиар нэмэгдсэн нь иргэдэд ихээхэн хүндрэлийг учруулж байна гэлээ.

Махны жижиглэн худалдаачдын зүгээс иргэдийн худалдан авах чадвар эрс муудсаныг хэлж байлаа. Худалдан авах чадвар муудсанаар жижиглэн худалдаачдад ч мөн хүндрэлтэй байна гэлээ.

Салбарын яамны зүгээс манай улс жилд 180.0 тонн гаруй мах экспортлох боломжит нөөц байгаа гэж тооцоолсон байдаг. Энэхүү тооцооллын дагуу өнгөрсөн оны гүйцэтгэлээр 70.4 мянган тонн мах махан бүтээгдэхүүн эксортлосон байна. Түүнчлэн салбарын яамны бодлогоор боломжит нөөцдөө хүргэх бодлогыг баримтлаж байгаа юм. Гэхдээ дотоодын эрэлтээ нийлүүлж чадахгүй байгаа энэ цаг үед махаа экспортлож байгааг эргэн харах хэрэгтэй юм.