Монгол уран бүтээлчийн хөөмийг электрон хөгжимтэй хоршуулсан бүтээл Венецид шуугиан дэгдээж байна

Энэ өдрүүдэд Италийн Венец хотноо “контемпорари” урлагийн олон улсын биенналь зохион байгуулагдаж байна. Энэхүү дэлхийн дүрслэх урлагийн хамгийн том үзэсгэлэнд 150 гаруй улсаас 1000 гаруй уран бүтээлч оролцож байгаа талаар уг үзэсгэлэнд  монгол улсаа төлөөлөн оролцож байгаа уран бүтээлчид мэдэгдсэн юм.

Манай улс уг үзэсгэлэнд урлагийн холимог төрлөөр оролцож байгаа бөгөөд нийт бүтээлийн үзэсгэлэнгээ "Агшин зуур" гэж нэрлэсэн байна. Монголын үзэсгэлэнд уран бүтээлч Э.Жанцанхоролын   хөөмий, электрон  хөгжимтэй хослуулан дэглэсэн "Дусал" нэртэй бүтээл олны анхаарлыг ихэд татаж, урлаг судлаачид, уран бүтээлчид, сонирхогчдын дунд багагүй шуугиан дэгдээж байгааг үзэсгэлэнгийн зохион байгуулагч онцолсон байна.

Уран бүтээлч Э.Жанцанхорол Венецийн хуучны тоосгон байшин дотор абстракт орон зай үүсгэж хөөмий, электрон хөгжмөөр хүний дотоод дуу хоолойг илэрхийлжээ. Энэ үзүүлбэрт Германы домогт уран бүтээлч Карстен Николайн удирдлага дор хөөмэйч Н.Ашит, А.Ундармаа, Д.Даваасүрэн, Д.Дамдин нар хамтран ажиллаж байгаа юм. Энэхүү ер бусын бүтээл, дуу чимээний зохиомж нь Венецийг зорин ирсэн урлаг сонирхогчдын сэтгэлийг хөдөлгөжээ.

Венецийн үзэсгэлэн хоёр жил тутам зохион байгуулагддаг орчин цагийн урлагийн нэр хүндтэй үзэсгэлэн. Тус үзэсгэлэнд энэ жил 150 гаруй улсын 1000 гаруй уран бүтээлчин оролцож байгаа юм. 7 сарын турш үргэлжлэх тус арга хэмжээнд дэлхийн олон орны төрийн тэргүүн, ерөнхий сайд, 20 гаруй мянган урлаг судлаач, уран бүтээлч, цуглуулагч, сонирхогч иржээ.