ДЭЛХИЙН НАСАНД ХҮРСЭН ХҮН АМЫН 13 ХУВЬ  НЬ ТАРГАЛАЛТТАЙ

2016 оны  байдлаар дэлхийн нийт хүн амын насанд хүрсэн 1.9 тэрбум хүн жингийн илүүдэлтэй байна гэж ДЭМБ-аас хийсэн судалгаанд дурьдагджээ. Тэгвэл үүнээс 650 сая хүн буюу насанд хүрсэн хүн амын 13 хувь нь таргалалттай байгаа нь тогтоогджээ. Харамсалтай нь таргалалт, жингийн илүүдэл нь  жилд  3.4 сая хүнийг үхэлд хүргэж байгааг дээрх судалгаа нотолж байна.

Таргалалт гэдэг нь биеийн жин илүүдэхэд хүргэдэг өөхний хуримтлал юм байна. Өөрөөр хэлбэл биеийн өөхний хэмжээ ихсэх үйл явцыг хэлдэг байна. Таргалалтын шалтгаан нь хэт их идэх, хөдөлгөөний дутагдал. Тэгвэл таргалалтын онцлогоос хамаараад эрэгтэй, эмэгтэй таргалалт гэж хуваадаг. Эрэгтэй таргалалтын үед илүүдэл өөх нь гэдэс ба түүнээс дээш хэсэгт хуримтлагддаг. Харин эмэгтэй таргалалтын үед гуя, өгзөгний орчим хуримтлагддаг.

Тэгвэл 2016 оны байдлаар дэлхийн насанд хүрсэн хүн амын 13 хувь нь буюу эрэгтэйчүүдийн 11 хувь, эмэгтэйчүүдийн 15 хувь нь таргалалттай байгаа нь тогтоогджээ.

1980 оноос хойш  таргалалт, илүүдэл жингийн асуудал насанд хүрэгчдэд 27.5 хувь, хүүхдүүдийн дунд 47.1 хувиар өссөн.

Дэлхийн насанд хүрсэн хүн амын 37 хувь нь жингийн илүүдэлтэй, таргалалттай байна.

Хүүхдүүд болон өсвөр насны хүүхдүүдийн 14 хувь нь таргалалт, илүүдэл жинтэй. 2016 оны байдлаар 340 саяд хүрсэн байна.

Харин монголын тухайд “Монголын хүн амын хоол тэжээл" үндэсний 5-р судалгааны дүнгээр 6-11 насны сурагчдын 28.6 хувь илүүдэл жин, таргалалттай байгаа нь тогтоогджээ.

Олон улсын Фаостат агентлагаас дэлхийн улс орнуудын таргалалтын чансаа гаргаснаар манай улсын тухайд 2015 оны байдлаар 195 орноос 122-т орсон байна. Тодруулбал 2010 онд хүн амын 12,5 хувь нь таргалалттай байсан бол 2015 онд 15,2 хувь болж нэмэгджээ.

Таргалалт, илүүдэл жин нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, үе мөчөөр өвдөхөд нөлөөлдөг.

Жилд 3.4 сая хүн жингийн илүүдэл, таргалалтын улмаас нас барж байна.

Эрүүл бус хооллолт, хөдөлгөөний дутагдал нь таргалалт, илүүдэл жинд хүргэдэг учраас өөрөөс 100 хувь хамаарах энэ асуудлыг шийдвэрлэх, үхэлд хүрэхгүй байх, эрүүл бус амьдралын хэвшлээс салах боломжтой юм.