АНУ-ын тэрбумтан Илон Маскын үүсгэн байгуулсан SpaceX компани дэлхий даяар интернэтийн сүлжээнд хувьсгал авч ирэх Старлинк төслөө бодит байдал болгон хэрэгжүүлэхэд тун ойрхон байгаагаа мэдэгдээд байгаа юм.

Энэхүү зорилтынхоо хүрээнд тус компани өнгөрөгч пүрэв гарагт эхний 60 хиймэл дагуулыг тойрог зам руу илгээхээр төлөвлөж байсан ч цаг агаарын тааламжгүй нөхцөл байдлын улмаас дахин 7 хоног хэртэй хойшлуулахаар болсон тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.

SpaceX компанийн зүгээс 4425 хиймэл дагуулыг дэлхийгээс 1.100-1.350 км-ийн зайтай байрлуулж, дахин 7,500 хиймэл дагуулыг дэлхийн доод тойрог замд байршуулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр нийтдээ 12 мянган хиймэл дагуулыг хөөргөх зорилт тавиад байгаа гэсэн үг юм.

Старлинк хэмээн нэрлэгдэж байгаа энэхүү төсөл нь амжилттай хэрэгжвэл дэлхийн бөмбөрцгийн хаанаас ч хүмүүс одоо хэрэглэж байгаагаасаа хавьгүй илүү хурдтай интернэтийг сансрын холбоогоор дамжуулан хэрэглэх боломж нээгдэх ач холбогдолтой юм.