СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАРТАЙ ХҮНЭЭС БУСДАД ХАЛДВАР ДАМЖДАГГҮЙ

Сүрьеэ гэдэг нь нянгаар үүсгэгддэг янз бүрийн эрхтэн, ялангуяа уушгинд үрэвслийн голомт үүсгэж, амьсгалын замаар тархдаг нийгмийн халдварт өвчин юм. Уушгины сүрьеэгээр өвчилсөн хүн амьсгалын замаар өөрөөр хэлбэл сүрьеэгээр өвчилсөн хүн найтаах, ярих болон ханиахад ойр орчимд байгаа хүмүүсд сүрьеэгийн нян тархаж байдаг.

- Дэлхийн хүн амын гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар авсан байдаг

- Жил бүр дэлхийн нийт хүн амын дунд 10.4 сая хүн шинээр өвчилж мөн хугацаанд 1.8 сая хүн амиа алддаг байна.

- Манай улсын тухайд хамгийн анх 1959-1960 онд нийт хүн амын 88 хувийг хамарсан сүрьеэгийн үзлэгийг хийж байсан бөгөөд тухайн үед нийт хүн амын дундах сүрьеэгийн халдварын тархалт 33 хувьтай байжээ

- Өнөөдрийн байдлаар манай улс сүрьеэгийн өвчлөл өндөртэй 37 орноос дөрөвдүгээрт орж байна.

- Жил бүр сүрьеэгээр өвчилсөн 4000 шинэ тохиолдол бүртгэгддэг гэсэн судалгаа байгаа юм.

- Манай улсын хэмжээнд 2013 онд 100.000 хүн тутмын 254 нь сүрьеэтэй. Харин 2015-2016 оны судалгаанаас харахад 100.000 хүн тутмын 757 нь сүрьеэтэй гарч өссөн үзүүлэлттэй гарчээ.

-Өөрөөр хэлбэл судалгаагаар манай улсад сүрьеэтэй 22.000 ба түүнээс дээш тооны хүн амьдарч байна гэсэн үг юм.

Сүрьеэгийн халдвар авсан хүн бүр өвчилдөггүй. Нийт халдвар авсан хүмүүсийн 10 орчим хувь нь өвчилж ихэнхи нь амьдралынхаа туршид сүрьеэгийн халдварыг хадгалсаар явдаг байна. Гэвч халдварыг биедээ хадгалж явна гэдэг нь бусдад энэ өвчин тархана гэсэн үг биш.

Сүрьеэгийн халдвар авсан хүний биед сүрьеэгийн  нян унтаа байдалд байдаг. Дараах тохиолдолд таны биед байгаа сүрьеэгийн нян идэвхжиж үржих юм. Үүнд өндөр настай болох үед, хурц болон архаг өвчний үед, сэтгэл санааны хямрал, хорт зуршил ялангуяа тамхи, архи болон мансууруулах бодис хэрэглэх үед, түүнчлэн хүний дархлал хосмдлын вирус авсан үед нян идэвхжиж хүнийг өвчлүүлдэг.

Сүрьеэ өвчин нь ханиад, томуу, томуу төст өвчинтэй адил амьсгалын замаар халддаг. Зарим хүмүүс сүрьеэгийн шинж тэмдэг илэрсэн үед тоолгүйгээр олон нийтийн газар ханиах, найтаах, нус цэрээ ил задгай хаяснаар олон хүнийг эрсдэлд оруулдаг байна.

Харин таны биед сүрьеэгийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмчид хандаж шинжилгээ өгөх шаардлагатай. Хэрвээ сүрьеэгээр өвчилсөн нь тогтоогдвол эмчилгээнд хамрагдан бүрэн эдгэрэх боломжтой. Түүнчлэн эмчилгээг таслалгүй бүрэн төгс хийлгэвэл бусдад халдахгүй.

Гурван хүн тутмын нэг нь халдвартай байдаг нь судалгаагаар тогтоогдсон. Энэхүү халдварыг өвчин болгохгүйн тулд анхаарахыг зөвлөж байна.