ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ АРДЧИЛСАН СОНГУУЛИЙН САНАЛ ХУРААЛТ ДУУСЛАА

1 тэрбум 300 сая хүн амтай Энэтхэг улсад бүтэн нэг сарын турш үргэлжилсэн парламентын сонгуулийн санал хураалт өчигдөр албан ёсоор өндөрлөлөө. Нийтдээ 7 үе шаттайгаар явагдсан энэ удаагийн санал хураалтад санал өгөх насны нийт 900 сая хүн бүртгэгдсэнээс 64 хувийн ирцтэй оролцсон нь дэлхийн хамгийн том ардчилсан сонгуульд тооцогдож байгаа юм.

Сонгуулийн албан ёсны дүн энэ сарын 23-ны өдөр зарлагдахаар товлогдоод байгаа ч урьдчилсан дүгнэлтээр Ерөнхий сайд Нарендра Модигийн "Энэтхэгийн ард түмний нам" олонхийн санал авах магадлалтай байгааг албаныхан мэдээлж байна.

Гэвч Энэтхэг улсын сонгуулийн урьдчилсан шатны дүгнэлтүүд саналын хуудсыг тоолж дууссаны дараах байдлын дүнтэй зөрөх тохиолдол нэг бус удаа гарч байсан юм. Тухайлбал 2004 онд  "Энэтхэгийн ард түмний нам"-ыг ялалт байгуулна хэмээн урьдчилсан байдлаар танилцуулж байсан ч Соня Гандигийн удирдсан Энэтхэгийн “Үндэсний конгресс” нам сонгуульд ялалт байгуулж байжээ.

Парламентын доод танхимын 543 гишүүнийг сонгох энэ удаагийн санал хураалтад аль нэг нам, эвсэл дор хаяж 272 суудал авч байж засгийн газраа бүрдүүлэх эрхтэй болох юм.

2014 онд болсон сонгуулиар ерөнхий сайд Нарендра Модигийн "Энэтхэгийн ард түмний нам" үнэмлэхүй ялалт байгуулж байсан бол энэ удаагийн сонгуулиар гурван үеэрээ энэтхэг улсын төрийг жолоодож явсан Рахуль Гандигийн "Үндэсний конгресс" нам хүчтэй өрсөлдөгчөөр нэрлэгдэж байгааг ажиглагчид онцолж байна.