АНУ болон Иран улсын дайсагнасан харилцаа сүүлийн үед хурцадмал байдалд шилжээд байгаатай холбогдуулаад АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Иран улсын эсрэг хатуу арга хэмжээ авахаа анхаарууллаа.
Хэдийгээр өнгөрөгч долоо хоногт тэрбээр Иран улстай дайн өдөөх хүсэлгүй байгаагаа мэдэгдсэн ч Иран улсын талаас дахин улс орныг нь чиглэсэн сүрдүүлэг илгээвэл тус улсад хариу цохилт үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.
Учир нь Ираны Засгийн газар өнгөрөгч долоо хоногт цөмийн зэвсгийн гэрээнд тусгагдсан үүргээ биелүүлэхээс татгалзаж байгаагаа мэдэгдэн, цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашигладаг уран баяжуулалтын хөтөлбөрөө эргэн сэргээх анхааруулгыг АНУ-ын талд өгсөн нь хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.
АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Ираны аюул заналхийллийг бууруулах зорилгынхоо хүрээнд хэдхэн хоногийн өмнө Персийн булан руу нэмэлт байлдааны хөлгүүдээ илгээсний дээр дахин 120 мянган алба хаагчаа ойрх дорнодын бүс нутаг руу илгээхээр төлөвлөснийг зарим эх сурвалжууд мэдээлжээ.
Ирантай хил залгаа Ирак улс дахь АНУ-ын элчин сайдын яамны хажууханд пуужингийн цохилт ирсэнтэй холбогдуулаад АНУ-аас Ирак дахь албаны төлөөлөгчдөө эргүүлэн татах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн байна.
Одоогоор тус халдлагыг хэн зохион байгуулсан нь тодорхойгүй байгаа ч Иран улсын зүгээс илгээсэн дайралт хэмээн үзэж байгаагаа АНУ-ын эрх баригчид мэдэгджээ.