Р.ЦЭРЭННАДМИД: 15-Р СУРГУУЛИЙН СУРАГЧ, БАГШ НАРЫГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ БАЙНА

Нийслэлийн 15 болон 97-р сургуулийн сурагчид сүрьеэгийн халдвар авсныг халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хийсэн шинжилгээгээр тогтоогоод байгаа. Дээрх мэдээлэл олон нийтэд ил болсноор 15-р сургуулийн сурагч, багш нар ялгаварлан гадуурхагдах тохиолдол гарч байгааг тус сургуулийн зүгээс мэдээлсэн юм.

Тэгвэл олон нийтийн дунд сүрьеэгийн халдвар авсан болон өвчилсөн талаар буруу ойлголт байдгаас  халдвартай хүмүүсийг ялгаварлан гадуурхах тохиолдол байдгийг мэргэжлийн эмч хэлж байна. Сүрьеэгээр өвчлөөд эдгэрсэн хүмүүс ч энэ төрлийн ялгаварлан гадуурхалтад өртдөг байна. Энэ нь эргээд өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин нуун дарагдах зэрэг эрсдэл дагуулж байгаа юм.

Сүрьеэ нь амьсгалын замаар дамждаг нийгмийн гоц халдварт өвчин. Энэ өвчний халдвар гудамж талбай, нийтийн тээврийн хэрэгсэл, олон хүн цугларсан зэрэг ямар ч газарт тархах эрсдэлтэй. Тэгвэл 15-р сургууль сүрьеэгийн халдвар, өвчлөлтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагатай хамтран 2017 оноос хойш бүх сурагч багш нараа шинжилгээнд хамруулснаар өнөөдөр нийгмийн цочроосон асуудал нийтэд ил болж байна.