Хүүхдэдээ бэлэг сонгохдоо нас,сэтгэхүйд нь таарсан бэлэг сонгоорой

Удахгүй хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр буюу хүүхдийн баяр болно. Тэгвэл томчууд бид аливаа баяр ёслолоор хүүхдэд ууттай амттан чихэр, жимс бэлэглэх нь их байдаг. Чихэр ихээр агуулсан бүтээгдэхүүнийг хүүхдэд бэлэглэх нь нэг талаас хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Нөгөө талаас чихэрлэг бүтээгдэхүүн агуулсан бэлэг нь хүүхэд бүрийн сонирхолд нийцнэ гэдэг нь өрөөсгөл юм. Тиймээс томчуудыг хүүхдийнхээ нас, сонирхол, онцлогт  тохируулж бэлэг бэлдэх  нь оновчтой сонголт юм.

- 0-1 настай хүүхдийн гол онцлог итгэж найдахад суралцаж байдаг. Ээж аав нь тэврэх, эрхлүүлэх, хамт байх зэргээс хүүхэд  хайр итгэлийг мэдэрч байдаг. Энэ насны хүүхэд сонирхлоо илэрхийлж өөрийгөө бүрэн ойлгуулж чадахгүй учир хэрэгцээт бэлгийг ээж ааваас нь асууж бэлдэх хэрэгтэй. Жишээ нь: хүүхдийн живх, хувцас, аюулгүй зөөлөн тоглоом гэх мэт байдаг бол 2-5 насны хүүхэд бодит үйлдлийг чухалчилдаг. "би хэн бэ" гэдгээ таньж эхэлдэг үе байдаг. Энэ насны хүүхдүүд юу хүсэж сонирхож байгаагаа дөнгөж илэрхийлж эхэлдэг тул хүүхдээс ямар зүйл бэлгэнд авахыг хүсэж байгааг нь асууж болно.

-6-9 нас. Энэ насанд аливааг сурах хамгийн их эрмэлзэлтэй үе. Хүүхэд дуу бүжиг, зураг, спорт гэх мэтчилэн олон зүйлд  өөрийгөө сорьдог учир сонирхлыг нь чиглүүлэх бэлэг өгөх нь тохиромжтой байна.

-10-12 нас. Хүүхдийн сэтгэл хөдлөл хурдан өөрчлөгдөж гэнэт гуниж, баярлах, шалтгаангүйгээр хөгжилдөх хүсэлтэй болдог байна. Тиймээс хүүхдэд өөрийгөө илэрхийлэх боломж олгох, бие даасан байдлыг нь хөгжүүлэх, нөхөрлөлийг дэмжих нь чухал. Мөн энэ насны хүүхдийн сонирхол нь  илүү тодорхой болдог учир өөрийн хүслийг нь харгалзаж бэлэг сонгох нь зүйтэй байна.

-13-18 нас. Өсвөр наснаас том хүн рүү шилжих шилжилтийн үе. Энэ насанд хүүхдийн зан авирыг хянахаас илүүтэй тогтмол харилцаатай байхад анхаарч хандлагаа зөв байлгах шаардлагатай. Энэ насанд заавал өөрийн хүсэж сонирхож байгаа бэлгийг өгөх нь зүйтэй гэдгийг мэргэжлийн сэтгэл судлаач зөвлөж байгаа юм. 

Хүүхдэд бэлэг өгч урамшуулах нь хүмүүжлийн эерэг арга хэлбэр юм. Тиймээс хүүхдэд бэлэг сонгохдоо хэрэгцээт байдал,  хүүхдийн сонирхлыг харгалзаж үзэх нь чухал юм. 0-5 насны хүүхэд өөрийн сонирхож байгаа зүйлийн талаар сайн мэдэхгүй байдаг ч эцэг эх ойр дотны хүмүүсээс хийх дуртай зүйлийг асууж, хүүхдийн онцлогт тохируулж бэлэг сонгох хэрэгтэй. Мөн 0-5 насны хүүхдэд гэмтэж бэртэхээс сэргийлсэн аюулгүй тоглоомыг сонгож бэлэглэх нь зүйтэй байна.

Таваас дээш насны хүүхдэд илүү өөрийгөө таньж мэдэх, хийх дуртай зүйлд нь тулгуурлаж сонирхлыг нь хөгжүүлэх зүйл бэлэглэх нь оновчтой. Хүүхдийг хэрэгцээт зүйлээр нь урамшуулж бэлэг өгснөөр хүүхэд эцэг эхчүүдийн харилцаанд эерэг үр дүн авчирдаг байна.

Өсвөр насны хүүхдэд бэлэг сонгохдоо заавал өөрийн сонирхлыг харгалзаж үзэх нь чухал байна. Ялангуяа шилжилтийн насны хүүхдүүд өөрийн сонирхлоо хэдийн мэддэг эсвэл найз нөхөд нь том үлгэр дууриалал болдог тул үеийнхнийхээ сонирхож байгаа зүйлийг авахыг хүсдэг байна. Гэхдээ бэлэг гэдэг нь заавал материаллаг зүйлээр хязгаарлагдахгүй тул хүүхдэд цаг зав гаргаж шинэ зүйлийг хамтдаа сурах нь хүүхдэд хамгийн том бэлэг юм.