ИЛ ЗАДГАЙ ОЛОН НИЙТИЙН ЗАМ ТАЛБАЙД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХУДАЛДАА ЭРХЭЛСЭН ИРГЭДИЙГ 50 НЭГЖЭЭР ТОРГОДОГ

Баянгол дүүргийн 13-р хороо буюу 3,4-р хороолол орчимд ил задгай худалдаа эрхэлж байгаа 120 гаруй иргэн байна. 3,4 хороололд амьдарч байгаа оршин суугчид болон иргэдийн зүгээс орчныг бохирдуулж, амар тайван байдлыг алдагдуулж байгаа талаар удаа дараа гомдол ирдэг. 3,4-р хорооллын орчимд нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай худалдаа эрхэлж байгаа иргэдийг жил бүр үйл ажиллагааг зогсоодог ч энэ асуудал хэвээр байсаар байна.

Угтаа дүүргийн хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, мэргэжлийн хяналтын байгууллага болон цагдаагийн газраас хяналт тавьдаг ч одоогийн байдлаар ил задгай худалдаа эрхлэх асуудал дээр баримтлах шинэ журмыг дүүргүүдийн зүгээс нийслэлийн засаг даргын тамгын газарт хүргүүлсэн байгаа бөгөөд одоо болтол ямар нэгэн шийдвэр гараагүй байна. 

Харин худалдаа эрхлэгчдийн зүгээс өөрөөр амжиргаа залгуулах боломж байдаггүй. Түүнчлэн сар бүр 50 нэгжтэй тэнцэхүйц торгууль төлдөг. Харин үүний оронд бага хэмжээний татварыг төлөх байдлаар зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж байна.

Ямартай ч олон нийтийн зам талбайд ил задгай худалдаа эрхэлж байгаа үйлдэлд зөрчлийн тухай хуулийн заалтаар 50 нэгжтэй тэнцэхүйц мөнгөн дүнгээр л торгож байна. Түүнчлэн дүүргийн засаг даргын тамгын газарт ирж буй өргөдөл гомдлын дийлэнх хувийг ил задгай худалдаа эрхэлж байгаатай холбоотой байдаг байна. Үүнийгээ дагаад архидан согтуурах болон гэмт хэргийн гаралт нэмэгддэг. Харин энэхүү асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин одоог хүртэл дутмаг байна.