Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч орнууд болох АНУ болон БНХАУ-ын хооронд худалдааны дайн эрчимжиж байгаа нь хоёр орны технологийн салбарт ч нөлөөгөө үзүүлж эхлээд байна. Тодруулбал АНУ-ын Гүүгл корпорац БНХАУ-ын Хуавей компанид олгосон үйлдлийн системийн лицензээ цуцалж, шилжилт хийх 90 хоногийн хугацаа олгосноо мэдэгджээ.

АНУ-ын технологийн тэргүүлэгч байгууллага болох Гүүгл корпорац АНУ-аас БНХАУ-ын Хуавей компанид оноосон хоригийн дагуу тус компанитай цаашид хамтран ажиллах боломжгүй болсноо мэдэгдээд байна.

Хэдийгээр энэхүү шийдвэр нь хуавей компанийн аль хэдийн худалдаанд гаргаад байгаа гар утаснуудад нөлөөлөхгүй ч ирээдүйд гаргах шинэ загварын гар утаснууд нь Гүүгл мапс, Юүтүб зэрэг аппликейшнгүй болж байгаагийн дээр системийн шинэчлэл хийгдэх боломжгүй болж байна.

 

Аношуа чаудхури                   Сан франциско их сургуулийн эдийн засгийн профессор

"Хар жагсаалтад багтсан компаниудтай АНУ-ын аль ч компани  бизнесийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй хэмээн тусгагдсан байдаг. Тэр ч үүднээсээ Хуавей компани энэхүү жагсаалтад багтсан учраас АНУ-д төвтэй бүхий л компани, техник тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид тус компанитай цаашид хамтарч ажиллах боломжгүй болж байгаа юм"

АНУ-ын хоригийн дагуу Гүүгл корпорацийн араас АНУ-ын чип үйлдвэрлэгчид болох Intel, Qualcomm, Broadcom компаниуд Hуавэйд бүтээгдэхүүнээ нийлүүлэхийг зогсоохоор төлөвлөж байгаа тухай Блүүмберг агентлаг мэдээлжээ.

Гэхдээ Хуавэй компанийн зүгээс АНУ-ын хориг тавих эрсдлийг тооцож, гурван сарын хэрэгцээгээ хангах хагас дамжуулагч чип, эд ангиудыг нөөцлөөд байгаа тухайгаа мэдэгдсэн байна. Харин үйлдлийн системийн тал дээр тус компани андроидийг хэвээр нь хадгалж үлдэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн ч Б төлөвлөгөө болгож өөрсдийн гэсэн үйлдлийн системтэй болохоор хөгжүүлэлт хийгдэж байгаа талаар мэдэгджээ.

Аношуа Чаудхури                   Сан франциско их сургуулийн эдийн засгийн профессор

 "АНУ Хуавей компаниас бүтээгдэхүүн үйлчилгээгээ татаж эхэлснээр хуавей компанийн хувьд цаашид өөрсдийн гэсэн программ хангамжийг хөгжүүлэх шаардлагатай тулгарч байна. Өөрсдийн үйлдлийн ситемээ хөгжүүлээд илүү хямд үнээр гадаадын зах зээл дээр нийлүүлэх боломж бий гэж миний зүгээс харж байгаа. Харин гүүгл корпорацийн тухайд дэлхийн зах зээл дээрх томоохон бизнесийн хамтрагчаа алдаж байгаа нь тус компанийн хувьд ашигтай шийдвэр мөн эсэх нь эргэлзээтэй юм."

Дэлхийд ухаалаг гар утасны борлуулалтаараа Самсунг корпорацийн ард хоёрдугаарт бичигдэж байгаа Хуавей компанийн тухайд 2019 оны эхний 3 сарын байдлаар дэлхийн зах зээлд нийтдээ 59 сая ухаалаг гар утас нийлүүлсэн гэх тооцоо бий.

 Тус компанийн зүгээс 2020 он гэхэд Самсунг корпорацийг гүйцэж, дэлхийд гар утасны борлуулалтаараа тэргүүллээ тогтоохоор зорьж байсан ч Гүүгл компанийн энэхүү хоригоос шалтгаалаад нийт борлуулалтынх нь тал хувь нь эрсдэлд ороод байгааг мэдээлсэн юм. Үүнтэй холбогдуулаад нөгөө талд Самсунг корпорацийн хувьцааны ханш мягмар гарагийн байдлаар 6 хувийн өсөлт үзүүлжээ.