КОНГО УЛСАД ЭБОЛА ВИРУСНИЙ ХАЛДВАРААР АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙН ТОО 1100 ДАВЖЭЭ

Африкийн Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад эбола вирусын тархалтыг бүрэн зогсоох боломжтой ч тус улсад удаа дараалан гарч буй зэвсэгт халдлагуудын улмаас эмнэлэгийн тусламж үзүүлэхэд хүндрэл учраад байгаа талаар ДЭМБ мэдэгджээ.

Тус улсад өнгөрөгч оны 8-р сарын 1-ний өдөр эбола вирусын дэгдэлтийн мэдээлэл албан ёсоор зарлагдсан цагаас хойш сүүлийн 10 сарын хугацаанд нийтдээ 1100 хүн амь насаа алдаад байна.

1976 онд эбола голын ойролцоогоос анх илэрч, тус голын нэрээр нэрлэгдсэн энэхүү вирус нь Конго улсад өмнө нь ес нь ч удаа дэгдэж байсан бөгөөд энэ удаагийнх 10 дахь тохиолдолд тооцогдож байгаа юм.

2013-2016 оны хооронд баруун африкт дэгдэх үедээ нийт 11 мянган хүний амь насыг авч одож байсан энэхүү халдварын тархалтыг энэ удаад түүнээс ч олон хүний амь насыг хохироож магадгүй байгаа талаар мэргэжилтнүүд анхааруулж байна.

2004 оноос хойш Киву орчмын бүс нутагт иргэний дайны хөлд нэрвэгдээд байгаа Конго улсад Эбола вирусын тархалтыг зогсоохоор сайн дурын ажилчид вакцинжуулалтын аяныг өрнүүлж байгаа ч зэвсэгт этгээдүүд халдлага үйлдэж, амь насанд нь хүрэх тохиолдлууд гарсаар байгаа нь тархалтыг улам газар авах эрсдэл үүсгэж байгааг дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ.

Халдвартай хүнээс ялгарч буй бүхий л төрлийн шингэнээс дараагийн хүнд халдварладаг энэхүү вирус нь дотуур болон гадуур цус алдалт, бөөлжилт, суулгалт, өндөр хэмтэй халуурах зэрэг шинж тэмдгээр илэрдэг байна.