ИНДОНЕЗ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ЖОКО ВИДОДО УЛИРАН СОНГОГДЛОО

Өнгөрөгч сард Индонез улсад явагдсан ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүн өчигдөр зарлагдаж, ерөнхийлөгч Жоко Видодо улиран сонгогдсоноор тус улсын төрийг дахин 5 жилийн хугацаанд жолоодох эрхтэй болжээ.

Түүнийг өөрийн гол өрсөлдөгч армийн генерал асан Прабово Субианто-гоос 10 хувийн саналаар илүүрхэн ялалт байгуулна хэмээн судалгааны байгууллагуудын тооцоолж байсны дагуу Жоко Видодо 55 хувийн санал авсан бол өрсөлдөгч нь 44 хувийн саналаар ялагдал хүлээжээ.

Сонгуулийн албан ёсны дүн танилцуулагдсаны дараагаар Прабово Субиантогийн зүгээс сонгуулийн санал хураалтыг будлиантай болсон хэмээн үзэж сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэн эсэргүүцлийн жагсаал хийхийг дэмжигчиддээ уриалсан байна.

Үүнтэй холбогдуулаад нийтийг хамарсан эмх замбараагүй байдал газар авахаас сэргийлэн албаныхны зүгээс нийслэл хот Жакартад 30 мянган алба хаагчийг хамгаалалтанд гаргаж, хэв журам сахиулах оролдлого хийж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Ардчилсан засаглалтай орнуудаас хүн амынхаа тоогоор Энэтхэг болон АНУ-ын дараагаар гуравдугаарт жагсдаг Индонез улсын хувьд  санал өгөх насны нийт 193 сая хүн бүртгэгдсэнээс энэ удаагийн сонгуульд иргэдийн 80 хувийн ирцтэй оролцсон байна.

Сонгуулийн санал хураалтын зардлыг хэмнэх зорилгоор ерөнхийлөгчийн, парламентын, орон нутгийн сонгуулийн санал хураалтуудыг нэгэн зэрэг зохион байгуулсан нь хэт их ачаалал үүсгэж, сонгуулийн штабт ажиллаж байсан хэдэн зуун хүн ажлын ачааллаа дийлэлгүй нас барсан нь олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэлтэй тулгараад байгаа юм.