УКРАИН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ОХУ-ЫН ЭСРЭГ АВСАН ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГЭЭ ЧАНГАТГАХЫГ АНУ-Д УРИАЛЖЭЭ

Энэ даваа гарагт тангарагаа өргөж, үүрэгт ажлаа хүлээн авсан Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленський  ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ чангатгахыг АНУ-д уриалсан байна.

Өнгөрөгч сард явагдсан ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын дүнгээр 73.7 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулсан тэрбээр бүрэн эрхийнхээ хугацаанд Украины зүүн хязгаар дахь салан тусгаарлагчидтай үүсээд байгаа зөрчилдөөнд цэг тавих нь нэн тэргүүний зорилт нь байх болно гэсэн амлалтыг өгөөд байгаа юм.

Түүнчлэн тэрээр ОХУ-ын эрх баригчид Украинаас булаан авсан газар нутгаа эргүүлэн өгч, барьцаалагдсан цэргүүдийг суллан явуулах хүртэл тус улстай хэлэлцээрийн ширээний ард суух бодолгүй байгаагаа мэдэгджээ.

2014 оны гуравдугаар сард Крымд явагдсан бүх нийтийн санал асуулгын дүнгээр санал өгсөн иргэдийн 96 хувь нь ОХУ-д нэгдэхийг дэмжсэнээр ОХУ-ын  эрх баригчид Крымийн хойгийг албан ёсоор бүрэлдэхүүндээ нэгтгэж байгаагаа зарласан юм.

Тус үйл явдал нь Украины эрх баригчид болон НҮБ-ын гишүүн орнуудын зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгарсан юм. НҮБ-ын гишүүн орнуудын дийлэнх нь одоо ч Крымийн хойгийг Оросын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг бөгөөд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан нь өнөөг хэр нь хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа юм.

Ерөнхийлөгч Володимир Зеленскиин зүгээс Украин улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг сэргээх үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэж байгаа АНУ-ын засгийн газарт талархал дэвшүүлээд Украины зүүн хязгаарт өрнөж буй үймээн самууныг дарахад туслалцаа үзүүлэхийг тус улсаас хүсчээ .