ИРАН УЛСЫН ЭСРЭГ ТАВЬСАН АНУ-ЫН ХОРИГИЙН УЛМААС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАЗРЫН ТОСНЫ ХАНШ ТОГТВОРГҮЙ БАЙНА

Мэргэжилтнүүдийн зүгээс шатахууны үнэ өссөн шалтгааныг дэлхийн томоохон улс орнуудын хооронд хурцдаж байгаа хориг арга хэмжээнүүдтэй холбон тайлбарлаж байна. Жишээлбэл, АНУ-аас энэ сарын эхэнд Иран улсын газрын тосны импортод бүрэн хэмжээний хориг тавьсан нь зах зээл дээр газрын тосны эрэлтийг нэмэгдүүлж, үнэ хөөрөгдөх шалтгаан болж байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Одоогоос нэг жилийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Иран улстай 2015 онд байгуулсан олон улсын цөмийн гэрээнээс нэг талт байдлаар гарах шийдвэр гаргаж, Иран улсын эсрэг оноосон хориг арга хэмжээнүүдээ эргэн сэргээх шийдвэр гаргаснаа зарласан юм. 

Энэхүү хоригийн хүрээнд АНУ Иран улсаас газрын тос импортлохыг бүрэн хориглосон нь энэ сарын 2-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэн, дэлхийн газрын тосны зах зээлд тогтворгүй байдал үүсгэж байна гэж мэргэжилтнүүд мэдээлжээ. 

Жон Гамбрел                   Олон улс судлаач

"Түүхий газрын тосны экспорт нь Иран улсын эдийн засагт голлох үүргийг гүйцэтгэдэг. Гэтэл АНУ Иранаас газрын тосны импортыг бүрэн хориглох шийдвэр гаргаснаар дэлхийн аль ч улс орон иранаас газрын тос импортлох боломжгүй болж байгаа гэсэн үг юм"

Иран болон АНУ-ын маргаан эрчимжсэнтэй холбогдуулаад дэлхийн зах зээлд газрын тосны ханш одоо байгаагаасаа 10 хувиар өсөх эрсдэлтэй байсан ч АНУ болон БНХАУ-ын дунд өрнөж байгаа худалдааны дайны нөлөөгөөр эрэлт нь буурч, торгоон барих ганц хөшүүрэг болж байгааг шинжээчид мэдээлжээ.

Хэрэв цаашид ойрх дорнодын нөхцөл байдал улам даамжирч, худалдааны дайны асуудал шийдэгдвэл энэ зун гэхэд дэлхийн зах зээлд нэг баррель газрын тосны ханш 100 америк долларт хүрэх эрсдэл үүсээд байгаа юм.

Франциско Бланч                           Шинжээч

"Худалдааны дайны асуудал шийдэгдэж, эдийн засгийн байдал сайжрах үед АНУ-аас Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээ хүчин төгөлдөр хэрэгжиж байвал газрын тосны ханш хөөрөгдөх гол шалтгаан болно"

Дэлхийн зах зээл дээр үүсээд байгаа тогтворгүй байдалтай холбогдуулаад газрын тос экспортлогч орнуудын байгууллага буюу опекийн гишүүн орнууд ирэх 6-р сарын 25-26-ны өдрүүдэд уулзалт хийхээр товлоод байгаа юм. Тус уулзалтаар талууд газрын тосны олборлолтоо танах шийдвэрээ цаашид сунгах талаар хэлэлцэнэ гэж эх сурвалжууд мэдээлж байна.