2018 ОНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА АЛДАГДСАНЫ УЛМААС 89 ГЭМТ ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ

Жил бүр  дулааны улиралтай зэрэгцэн барилгын салбарт бүтээн байгуулалтын ажил  ид өрнөдөг ч харамсалтай нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны асуудал ч мөн л жил бүрийн энэ үеэр шинээр яригдаж эхэлдэг. Барилгын компаниуд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ягштал баримтлан ажилладаггүйн улмаас барилга дээр ажиллаж байгаа ажилчид төдийгүй барилгын хажуугаар өнгөрч явсан жирийн иргэд хүртэл  бэртэж гэмтэх, цаашлаад амь насаараа хохирох тохиолдол гарсаар байна.

- 2017 оны байдлаар хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой ослоос үүдсэн нийт  70 хэрэг бүртгэгджээ.

- Эдгээрийн 9 нь үйлдвэрийн, 12 нь уул уурхайн осол байсан бол 36 нь барилгын осол байжээ.

- Тэгвэл өнгөрсөн оны байдлаар хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой ослоос болсон гэмт хэргийн  тоо 89 болж өссөн тухай мэдээлэл байна.

- Хамгийн гол нь эдгээр гэмт хэргийн 41 нь барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдсанаас болж гарчээ.

Аж ахуйн нэгж, байгууллагууд нийт төсвийнхөө 1.5 хувьтай тэнцэх хэмжээний зардлыг барилга болоод үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх буюу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангахтай холбоотой арга хэмжээнүүдэд зориулж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүй байснаар осол гэмтэл гарч, хүний амь нас эрсдэх тохиолдол байсаар байна.

Хамгийн сүүлийн үеийн жишээгээр БЗД-ийн 11 хороонд үйл ажиллагаа явуулдаг барилгын хашаанд барилгын ажил хийж байсан хүн унаж гэмтлээ" гэсэн мэдээллийг 5-р сарын 21-ны 08:01-д шалгасан байна. Гэтэл Орхон аймгийн харьяат "Б" ажил хийж байгаад унаж гэмтэн, ГССҮТ-ийн хүзүү нуруу нугасны тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Одоогоор цагдаагийн байгууллага материалжуулан шалгаж байна.

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотойгоор мэргэжлийн хяналтын байгууллага төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийн шалгалт хийдэг. Хуулийн дагуу төлөвлөгөөт шалгалт хийхдээ аж ахуйн нэгж, байгууллагуудад тав хоногийн өмнө мэдэгддэг. Гэтэл шалгалтыг хугацааг байгууллагад мэдэгдсэнээр зөрчлөө түр хугацаанд халхлах, аюулгүй ажиллагааг дутуу дулимаг хангах зэрэг эрсдэлтэй нөхцөл байдал байсаар байдаг.

Түүнчлэн зөрчилтэй барилгад мэргэжлийн хяналтын улсын байцаагч акт тавьж, үйл ажиллагааг хэсэгчилсэн болон бүхэлд нь зогсоох эрхтэй байсан. Гэтэл 2017 оны 7-р сарын 1-нээс хойш улсын байцаагч эрх хязгаарлах бол прокурорт санал тавьж үйл ажиллагааг зогсоодог болсон байна.

Барилгын салбарт гарч буй осол, улмаар хүний амь нас хохирсон гэмт хэрэг наад захын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хангагдаагүйн улмаас сүүлийн гурван жилийн байдлаар өсөх хандлагатай байна. Тиймээс хяналт тавих байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлэх, осол гарсны дараа араас нь ажиллах бус урьдчилж гэнэтийн шалгалт хийдэг, аюулгүй байдлыг хангуулдаг болох шаардлагатай байна.