ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЗОГСООХОД ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ ЧАНГАТГАХ ШААРДЛАГАТАЙ

Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа хүүхдийн эсрэг хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдүүдийн тоо өсөн нэмэгдэж байгааг тоон үзүүлэлтүүд харуулж байна. Энэ нь гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэж, иргэд хуулийн дагуу  мэдээлэл өгдөг болсонтой холбоотой гэж мэргэжилтнүүд үздэг. Гэвч  хүүхдийн эсрэг бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэл удаа дараа гарах нь нэмэгдэж байгаа тул энэ талын гэмт хэргийн хариуцлагыг чангатгах шаардлагатай гэж зарим хуульчид үзэж байна.

 2015 оноос хойш хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хэд хэдэн хууль тогтоомж батлагдсан. Одоо хүүхдийн эрхийг хамгаалсан 30 гаруй дүрэм журам үйлчилж байна. Гэвч хүүхдийн эсрэг ялангуяа бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг нэмэгдэж байна. Үүнийг багасгахад эрх зүйн орчинг чангатгахаас гадна төрийн бодлогын түвшинд авч үзэх шаардлагатай гэж хуульчид үзэж байна. Мөн иргэдийн эрх зүйн боловсролыг сайжруулах нь зайлшгүй шаардлагатай болжээ.

Прокурорын байгууллагаас хүүхдийн хүчирхийлэлийн судалгаа хийхэд амьжиргааны түвшин доогуур, архины хамааралтай гэр бүлд хүчирхийлэл давамгай гэж гарсан. Тиймээс цаашид урьдчилан сэргийлэх ажлыг шат дараатай зохион байгуулах, хуулийг сурталчлах ажил шаардлагатай болжээ.

Мөн хүүхдийн хүчирхийллийн асуудалд эцэг эхийн хариуцлага нэгт тавигдаж байна. Ирэх намрын чуулганаар өргөн баригдах гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эцэг эхийн хариуцлагыг тусгайлан оруулах юм байна. Энэ чиглэлээр мөн иргэдээс санал асуулга явуулж эхэлжээ.