АНУ-ын тэрбумтан Илон Маскын үүсгэн байгуулсан "SpaceX" компанийн фалкон 9 пуужин 05.24-ны өдөр Улаанбаатарын цагаар өглөөний 10 цаг 30 минутаас амжилттай хөөрсөн байна.  Дэлхий даяар интернэтийн сүлжээнд хувьсгал авч ирэх зорилтынхоо хүрээнд тус компани нийтдээ 12 мянган хиймэл дагуулыг дэлхийн доод тойрог замд байршуулахаар зорьж байгаа бол энэ удаагийн ажиллагаагаараа дамжуулаад эхний 60 хиймэл дагуулыг  амжилттай байршуулсан тухайгаа зарлажээ.

Ану-ын SpaceX компанийн хоёр шатлал бүхий фалкон 9 пуужин Флорида мужийн Кейп Канаверал агаарын баазаас баасан гарагийн өглөө амжилттай хөөрлөө.  

Старлинк төслийн хүрээнд нэгэн зэрэг 60 хиймэл дагуулыг дэлхийн доод тойрог замд хүргэх зорилготой энэхүү ажиллагаа нь ийнхүү амжилттай болсноор Spacex компанийн интернэтийн сүлжээнд хувьсгал авч ирэх зорилт биелэлээ олоход нэг алхам ойртож байна.

Анх 2015 онд SpaceX компанийн гүйцэтгэх захирал Илон Маск хиймэл дагуул ашиглан дэлхийг бүрхсэн интернэтийн сүлжээ нэвтрүүлэх санаачилга гаргаж, түүнээс олсон мөнгөөрөө Ангараг гараг дээр байгуулах хотын төлөвлөгөөгөө санхүүжүүлнэ хэмээн зарлаж байсан юм. 

Тэгвэл Старлинк хэмээн нэрлэгдэж байгаа 10 тэрбум америк долларын өртөгтэй энэхүү төсөл нь амжилттай хэрэгжсэнээр дэлхийн бөмбөрцгийн хаанаас ч хүмүүс одоо хэрэглэж байгаагаасаа хавьгүй хурдан интернэтийг сансрын холбоогоор дамжуулан хэрэглэх боломж нээгдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Старлинк төслийн хүрээнд тус компани эх дэлхийгээс 550 км-ын зай дахь тойрог замд 1600 хиймэл дагуул, 1150 км-ын зайд 2800, 340 км-ын зайтай нам орбитод 7,500 хиймэл дагуулыг тус тус хөөргөхөөр төлөвлөөд байгаа юм.

Нийтдээ 12 мянган хиймэл дагуул хөөргөх энэхүү төсөл нь хэдий хэр хугацаанд биеллээ олох нь тодорхойгүй байгаа ч 2027 онд бүрэн дуусгахаар төлөвлөж байгааг эх сурвалжууд мэдээлжээ.