Дотоод орчны агааржуулалтанд анхаарах хэрэгтэй.

Хот суурин газарт амьдарч байгаа бидний хувьд өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэх, ажлын бус цагаар гэртээ амрах зэргээр амьдралынхаа ихэнх цаг хугацааг дотор орчинд өнгөрүүлж байна. Харин бидний ихэнх цаг хугацааг өнгөрүүлж байгаа гэр, ажлын оффисын доторх агаар бидний биед маш их нөлөө үзүүлдэгийг та мэдэх үү? Манай улс өвөл маш их агаарын бохирдолтой учраас хүн бүр энэ асуудалд түлхүү анхаардаг. Гэтэл дотоод орчны агаар мөн л маш их бохирлогдсон байдгийг бид тэр бүр анзаардаггүй. Мэргэжлийн байгууллагуудын энэ чиглэлээр гаргасан судалгаанаас харахад:

- Аливаа хүн амьдралынхаа 85-90 хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг бол 10-15 хувийг гадаад орчинд өнгөрүүлдэг байна.

- Тиймээс гэр, ажил, сургууль, цэцэрлэг зэрэг дотоод орчны агаарыг цэвэр байлгах, агаар сэлгэх нь эрүүл мэндэд маш чухал юм.

- Ялангуяа олон хүн төвлөрдөг дотоод орчинд амьсгалын замаар дамжих халдварт өвчин дэгдэх эрсдэлтэй гэж үздэг. Жишээ нь сүрьеэ өвчний нян нийт өрөөнд байгаа агаарт 6 цаг дэгдэж хүнд халдварладаг байна.

- Тэгвэл дотоод орчны агааржуулалтыг сайжруулахын тулд цонх салхивчаар агаар сэлгэх, агааржуулах хоолойг солих, агаар цэвэршүүлэх төхөөрөмж ажиллуулах зэрэг энгийн арга технологийн шийдэл байдаг. 

Барилгын чанараас үл хамааран дотоод орчны агаарыг сайжруулах олон шийдэл байдаг.

Олон нийтийн дунд дотоод орчны агаарын чанарыг хэмжих мэдлэг туршлага тааруу учраас дотоод орчны агаарт төдийлөн анхаарал хандуулдаггүй.

Манай улсын хувьд гадаад орчны агаарын бохирдол богино хугацаанд шийдвэрлэж чадах асуудал биш болоод байгаа. Харин хүн амьдралынхаа ихэнх цагийг дотоод орчинд өнгөрүүлж байгаа учраас дотоод орчны агааржуулалтыг зөв шийдэх хэрэгтэй юм. Барилга анхнаасаа зураг төсөлдөө стандартын дагуу агааржуулалтын системийг шийдээгүйгээс дотоод орчны агааржуулалт муу байдаг.

Ялангуяа сургууль цэцэрлэгийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, айл өрх, албан байгууллагууд дотоод орчныхоо агаарын чанарыг хянаж, агааржуулалтыг сайжруулах хэрэгтэй юм.