АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ТРАМП ЯПОН УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

Худалдааны тал дээр үүсээд байгаа маргааныг шийдвэрлэхээр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп тэргүүн хатагтай Меланиа Трампын хамтаар Япон улсад төрийн айлчлал хийж байна.

Тэрбээр ням гарагт япон улсын эзэн хаан Нарухитод бараалхаж, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсоноор Япон улсын шинэ эзэн хаанд бараалхсан гадаад улсын анхны төрийн тэргүүн болжээ.

АНУ болон БНХАУ-ын дунд худалдааны дайн эрчимжиж байгаа энэ цаг үед АНУ нь Ази тивийн хамгийн том холбоотон орнуудын нэг болох Япон улстай мөн худалдааны асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаа нь ерөнхийлөгч Доналд Трампын энэ удаагийн айлчлалын гол хэлэлцэх асуудал хэмээн ажиглагчид үзэж байгаа юм.

Ням гарагт тэрбээр Япон улсын ерөнхий сайд Эбэ Шинзотой хийсэн уулзалтынхаа дараагаар худалдааны асуудлаарх хатуу байр сууриа зөөллөн ирэх 7-р сард болох парламентын дээд танхимын сонгуулийг хүртэл гэрээ хэлэлцээр хийх шахалтыг Япон улсын талд тавихгүй гэдгээ мэдэгджээ.

Түүнчлэн энэ удаагийн уулзалтаараа дамжуулан хоёр орны төрийн тэргүүн нар умард Солонгосын цөмийн зэвсгийн асуудлаар санал бодлоо солилцож, ерөнхийлөгч Доналд Трампын зүгээс умард Солонгосын пуужингийн туршилтууд дээр санаа зовних шаардлагагүй гэдгийг мэдэгдсэн байна. Умард Солонгосын дэглэмийн тухайд 2017 оноос хойш тив алгасагч пуужингийн туршилт хийгээгүй байгаа ч сүүлийн үед жижиг хэмжээний тактикын зэвсгийн туршилтууд   хийх болсон нь Япон улсын эрх баригчдын шүүмжлэлтэй тулгараад байгаа юм.