Одоогоос гурван сарын өмнө Төв аймгийн заамар сумын нутагт гарсан уурхайн ослын улмаас дөрвөн ажилтан хөрсний нуралтад дарагдаж амиа алдсан хэрэг мартагдаж амжаагүй байтал уул уурхайн осол дахин гарч, хүний амь эрсдлээ.
Энэ сарын 23-нд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг, "Нарангийн ам" гэх газар 23:00 цагийн орчимд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч "Пентатерра" компанийн туслан гүйцэтгэгч "Шарын гол уул уурхай" компанийн "Howo 371" автомашины оператор Б нь хөрсний овоолгыг зөөж тээвэрлэн, өмнө ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийж байх явцдаа машинтайгаа уурхайн ухаш руу унаж осолджээ. Одоогоор түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд осол болсон уурхайн үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зогсоогоод байна. Осол болсон ил уурхайн 21,587 метр квадрат талбайд дунджаар 6 метр гүнтэй ус тогтсон учраас ус шавхан зайлуулах насос ажиллуулж байна.
"Пентатерра" компани нь энэ онд үйл ажиллагаа явуулах байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, ус болон газар ашиглах гэрээ байгуулаагүй, сум, орон нутгийн засаг дарга, сумын байгаль орчны байцаагчид мэдэгдэлгүйгээр хууль зөрчин үйл ажиллагааг эхлүүлсэн байжээ.