ҮЛ ОЙЛГОЛЦОЛ, САЛАЛТ, ХҮЧИРХИЙЛЛИЙН ГОЛ ҮНДЭС НЬ ГЭР БҮЛИЙН ТӨЛӨВЛӨЛТГҮЙ БАЙДАЛ ЮМ

Тун удахгүй дэлхий нийтээрээ олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх гэж байна. Энэ өдөр улс орон бүр хүүхдүүдийнхээ амьдарч байгаа нийгмийн нөхцөл байдлыг эргэн харж, дүн шинжилгээ хийж, иргэдийнхээ анхаарлыг хүүхдийн эрхийн асуудалд илүүтэй хандуулахыг хичээдэг.

Хүүхдийн эрхийн асуудал нийгмийн хамгийн чухал бас хамгийн хариуцлагатай нэгж болох гэр бүлээс эхтэй гэдэг. Ихэнх гэмт хэргийн золиос болсон хүүхдүүд гэр бүлийн аз жаргал, ээж аавын хамтдаа эвтэй найртай байхыг үзээгүй эсвэл мэддэггүй.  Товчхондоо, гэр бүлийн төлөвлөлтгүйгээс хүүхдийн эрх зөрчигдөх бүх л асуудал үүсдэг гэж хэлж болно.  Өөрөөр хэлбэл гэр бүл төлөвлөлт гэдэг бол хариуцлагатай эцэг эх байх явдал юм.

Гэр бүл гэдэг нь хоёр ба түүнээс дээш гишүүнтэй нийгмийн анхдагч нэгж юм. Гэр бүл төлөвлөлт хүний эрх, нийгмийн хөгжлийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг гэж өргөнөөр хүлээн зөвшөөрдөг. Нэгдсэн үндэсний байгууллагийн 1994 онд явуулсан хүн ам ба хөгжлийн асуудлаарх олон улсын чуулганаар гэр бүлийн хос, хувь хүн өөрийн хүүхдийн тоо, төрөлт хоорондын зайг чөлөөтэй тогтооно гэж заасан байдаг. Гэвч энэ бүх асуудал нээлттэй байдаг ч түүндээ хариуцлагатай, мөн үүнд шаардлагатай мэдээлэл, боловсрол арга хэрэгсэлтэй байх хэрэгтэй гэж заасан байдаг.

Гэр бүлийн уур амьсгал амар тайван аз жаргалтай байж нийгэмд тийм уур амьсгал бүрдэнэ. Тэгвэл аз жаргалтай гэр бүл байхын гол үндэс нь гэр бүл төлөвлөлт гэж судлаачид үздэг байна. Гэр бүл төлөвлөлтийн хамгийн чухал асуудлууд нь санхүү, боловсрол, хэзээ хүүхэдтэй болох, гэр бүл болох хүнээ сонгох, хаана оршин суух зэргээ төлөвлөхийг хэлдэг. ЭдгээрийГ зөв төлөвлөснөөр эргээд тухайн хүний амьдрал болоод үр хүүхдийн амьдралд чухал ач холбогдолтой юм.

Гэр бүл төлөвлөлтийн салшгүй нэг хэсэг нь нөхөн үржихүйн эрүүл мэнд юм. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролтой байсны үндсэн дээр хэзээ гэрлэхээ төлөвлөж, түүний дагуу төлөвлөх боломжтой юм. Гэвч залуус тохиолдлын бэлгийн хавьталд орсноор хүсээгүй жирэмсэдж үр хөндүүлэх, эсвэл хайр нь дээр суурилсан гэр бүлийг бий болгож чадахгүй юм.

Залуус гэр бүл болохоос өмнө өөрт ямар үүрэг хариуцлага ирэх вэ гэдгийг сайтар ухамсарлах шаардлагатай. Зарим хосууд гэрлэлтийн асуудал дээр хөнгөн хандсанаас үүдэж дараа нь ирэх үүрэг хариуцлагаа ухамсарлаж чаддаггүй. Үүргээ биелүүлж чадаагүйгээс үүдэж гэр бүлийн гишүүдийн дунд маргаан гарч төлөвлөгөөгүй гэрлэснээс болж салалтад хүрэх эрдсэлтэй юм.