2018 онд 21.020  гэрлэлт бүртгэгдэж 4201  гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ

Гэр бүл салалтыг судлаачид нийгмийн хөгжлийн нэг үзэгдэл гэж тодорхойлдог ч үүнээс үүдэлтэй олон сөрөг үр дагавар гарч байна. Үндэсний статистикийн хорооны манай улс дахь гэрлэлт болон  цуцлалтын талаарх судалгаагаар сүүлийн жилүүдэд гэр бүл цуцалсан тоо өсөн нэмэгдэж байгаа гэж гарсан байна. Тэгвэл үзэгч та бүхэнд сүүлийн 4 жилийн тоо баримтыг  дэлгэцнээс хүргэе.

- 2015 онд улсын хэмжээнд 17,586 гэрлэлтийг бүртгэж байсан бол 3873 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ, 2016 онд 16.778 гэрлэлт бүртгэгдсэн бол 4003 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан, 2017 онд 20.470 гэр бүл  гэрлэлтээ батлуулж байсан бол  3945 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ, тэгвэл 2018 онд 21.020  гэрлэлтийг  бүртгэж байсан бол   4201  гэр бүлээ гэрлэлтээ  цуцлуулсан байна.

-Жилд дунджаар 4000 гэр бүл гэрлэлтээ цуцлуулдаг бөгөөд  энэ нь өдөрт 40 хос гэрлэлтээ батлуулж 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн үг юм

- Гэр бүл салалтад олон хүчин зүйл нөлөөлдөг. Үүнд соёлын ялгаа, гэр бүл болох хүнээ таньж мэдээгүй, архидалтаас шалгаалсан, санхүүгийн баталгаа, хүчирхийлэл, мөн гэр бүлийн хариуцлагаа ухамсарлаагүй байдал зэрэг хүчин зүйлс багтаж  байна.

- 2016 онд хийсэн судалгаагаар 25-35 насны залуус гэр бүлээ цуцлах нь түгээмэл байгаа бол 10 хүртэлх жил хамт амьдарсан хосууд гэр бүлээ цуцлах үзэгдэл түгээмэл байгаа юм.      

Дэлхийн улсуудын нийгэм эдийн засгийн хөгжлөөс шалтгаалж гэрлэлтийн төрөл бүрийн хэлбэрүүд үүсч мөн салалт тэр хэрээр нэмэгдэж байна. Аливаа гэр бүл нэг зорилго тэмүүлэлтэй байх ёстой ч хоёр өөр орчинд өссөн хоёр өөр бие хүний хувьд энэ нь тийм ч хялбар биш. Гэр бүл төлөвлөлтийн мэдлэггүйгээс, мөн гэр бүлийн гишүүний үүрэг хариуцлага ухамсарлаагүй, гэр бүлийн гадуурх харилцаа, гэрлэх хүнээ судлаагүй сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргасан, хоорондын үл ойлголцол хэрүүл маргаан, хүчирхийлэл дарамт шахалтаас гадна тухайн орны нийгэм эдийн засгийн байдал ч гэр бүлийн салалтад нөлөөлөх хүчин зүйл болдог байна.

2019 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 000 төгрөг гэж тогтоосон. Гэвч гэр бүлүүд ялангуяа залуу гэр бүлүүдийн хувьд тус бүрийн цалин, хөлсний хэмжээ амьжиргаанд хүрэлцэхгүй, санхүүгийн баталгаатай түвшинд хүрэхгүй байна. Мөн амьдралын наад захын баталгаат хэрэгцээг хангаж чадаагүй үед гэр бүл болох нь эдийн засгийн хувьд тотгворгүй болгож улмаар  гэр бүл салах хамгийн том хүчин зүйл болж байгааг судлаачид хэлж байна.

Хэдийгээр үндсэн хуульд гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэж заасан ч төр үүргээ гүйцэтгэж чадахгүйгээр барахгүй хэт халамж руу чиглэсэн бодлого явуулж байгааг судлаачид шүүмжилж байна. Хэдийгээр төрөөс нийгмийн халамжийн бодлогууд хэрэгжүүлж байгаа ч энэ нь зөвхөн эмзэг бүлэг, ядуу өрх, мөн ганц бие ээжүүдийг дэмжсэн хэлбэртэй ,  шинэ залуу гэр бүлийг тогтвортой байлгах бодлого дутагдалтай байна.  Хамгийн энгийн жишээ гэхэд  залуу гэр бүлүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгдөг байх  систем шаардлагатай гэж байна.

Гэр бүл төлөвлөх мэдлэг мэдээлэл байхгүй, гэр бүлийн хариуцлагыг бүрэн ухамсарлаагүй цагт гэр бүл тогтвортой оршин тогтнохгүй. Тиймээс гэр бүл төлөвлөлтийн талаар  ЕБС-ийн хөтөлбөрт оруулах, иргэний боловсрол хичээлийг чанартай олгох зэрэг бодлого дутагдаж байгааг судлаачид хэлж байна.