ӨНГӨРСӨН ЖИЛ ОСОЛ ГЭМТЛЭЭР 2920 ХҮН НАС БАРЖЭЭ

Манай улсад барилга, уул уурхайн бүтээн байгуулалт,  зам тээвэр дэд бүтэц сүүлийн 20 жил эрчимтэй хөгжиж байгаа ч  байгаль орчин, нийгэм, хүн амын эрүүл мэндэд сөрөг үр дагавартай гэж үзэж байна. Үүний нэг жишээ бол гадны шалтгаант нас баралт, осол гэмтэл юм.

- 2018 оны статистик үзүүлэлтээс харахад улсын хэмжээнд осол гэмтлийн улмаас нийт 142.665 хүн гэмтэж, 2920 нас баржээ.

- Энэ нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 11 хувиар өссөн үзүүлэлт юм.

- Амь насаа алдсан тохиолдлыг авч үзвэл өдөрт 7-8 хүн зөвхөн осол гэмтлийн улмаас харамсалтайгаар амь насаа алдаж байна.

- Осол гэмтэл гадны шалтгаант нас баралтын 56 хувь нь Нийслэлд, 44 хувь нь орон нутагт гарчээ.

Тэгвэл НҮБ-ын "Тогтвортой хөгжлийн зорилт-2030"-д тав  хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 25 хувиар, зам тээврийн ослын шалтгаант нас баралтыг 50 хувиар тус тус бууруулах зорилт дэвшүүлж осол, гэмтэл гарахад нөлөөлж байгаа эрсдэлт хүчин зүйлийг бууруулахыг улс орнуудад зөвлөсөн байдаг.

Нийгэм, эдийн засгийн хөгжил, хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөн, хотжилттой холбоотой осол, гэмтлээс үүдэлтэй өвчлөл, нас баралт нэмэгдэж байна. Насны ангиллаар авч үзвэл, 0-1 насны хүүхдийн дунд түлэгдэлт, түүнээс дээш насны хүүхэд болон насанд хүрэгчдийн хувьд унаж гэмтэх, зам тээврийн осолд өртөх байдал зонхилж байна.

Өнгөрсөн онд зам тээврийн ослоор 375 хүүхэд гэмтэж, 52 хүүхэд эндэж, 33 хүүхэд түлэгдэж нас барсан байна. Мөн энэ оны эхний улирлын байдлаар зам тээврийн осолд 145 хүүхэд өртөж, 7 хүүхэд нас барж, 33 хүүхэд хүнд, хүндэвтэр байдлаар гэмтсэн нь өнгөрсөн оноос хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна.

Зөвхөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулснаар осол гэмтлээс үүдэх нас баралтыг бууруулахгүй. Тиймээс осол гэмтлийг үүсгэж байгаа цаад шалтгааныг шийдвэрлэх нь зүйтэй юм. Манай улсын хувьд

-Барилгын норм нормативыг мөрдөхгүй байх,

-Хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй

-Иргэдийн хууль эрхзүй, эрүүл зан үйлийн талаарх мэдлэг хангалтгүй

-Хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлээгүй

-Бага насанд осол гэмтлээс сэргийлэх хамгаалах дадлыг эзэмшүүлээгүй

-Эцэг эхийн хариуцлагагүй байдал

-Байгууллага аж ахуй нэгжид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага сул зэрэг нь осол гэмтэл гарах шалтгаан нөхцөл болж байна.