ИХ БРИТАНИЙН ДАРААЧИЙН ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШИХ УЛС ТӨРЧДИЙН НЭРС ТОДОРСООР БАЙНА

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын төрийн тэргүүний албан тушаалыг 2016 оноос хойш хашиж байгаа Ерөнхий Сайд Тереза Мэй өнгөрөгч баасан гарагт бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө огцрох шийдвэр гаргаснаа мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулаад Их Британийн дараачийн ерөнхий сайд хэн байх вэ гэдэг асуулт олон нийтийн анхаарлын төвд ороод байна.

Их Британийг Европын холбооны бүрэлдэхүүнээс гаргах тухай асуудлаар парламентын гишүүдээс ирж буй дарамт шахалтын дагуу Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй ирэх 6-р сарын 7-ны өдөр албан тушаалаа хүлээлгэн өгнө гэдгээ мэдэгдээд байна.

Түүний Европын холбоотой хамтран боловсруулсан Брекситийн гэрээний төсөл парламентын гишүүдийн санал хураалтаар гурван ч удаа орсон боловч  нааштай хариу авч чадаагүйн улмаас Их Британи Европын холбоог орхих хугацаа 10-р сар хүртэл хойшлоод байна.

"2016 онд бид Их Британийн ард түмний сонголтоор Европын холбоог орхих шийдвэртэй тулгарсан. Ардчилсан засаглалд сонголт хийх эрхийг ард түмэнд олгосон бол түүнээс гарсан шийдвэрийг гүйцэлдүүлэх нь эрх баригч бид нарын үүрэг. Энэ үүргээ биелүүлэхийн тулд би өнгөрсөн 3 жилийн хугацаанд өөрийн бүх хүчээ дайчлан ажилласан ч харамсалтай нь гурван ч удаа татгалзсан хариулт сонслоо. Тиймээс улс эх орныхоо эрх ашгийг бодолцон үзээд энэ үйл хэргийг үргэлжлүүлэн явах дараачийн хүнд суудлаа шилжүүлэн өгөх нь хамгийн оновчтой шийдвэр гэж бодож байна. Буулт хийнэ гэдэг хэзээ ч муу зүйл биш, амьдрал буултан дээр тогтдог гэдэгт би итгэдэг. Амьдралд минь тохиосон хамгийн нэр хүндтэй албан тушаалаа би удахгүй хүлээлгэн өгнө. Их британи Умард Ирландын нэгдсэн вант улсын хоёр дахь эмэгтэй ерөнхий сайдаар томилогдсон маань нэр төрийн хэрэг байлаа. Мөн би энэ албан тушаалд суусан сүүлчийн эмэгтэй хүн биш гэдэгтээ итгэлтэй байна."

Тереза Мэй                  Их Британийн Ерөнхий сайд

Ерөнхий сайд Тереза Мэйгийн шийдвэртэй холбогдуулаад дараачийн ерөнхий сайд хэн байх вэ гэдэг асуулт урган гарч ирж байгаа энэ цаг үед гадаад хэргийн сайд Жереми Хант, Лондон хотын захирагч асан Борис Жонсон, ОУ-ын Хөгжлийн сайд Рори Стюарт, Хөдөлмөр тэтгэвэр тэтгэмжийн сайд асан Эстер Маквэй гэсэн тэргүүтэй улс төрчид үзэх сонирхолтой байгаагаа мэдэгдээд байна.

Тэдний дундаас Лондон хотын захирагч бөгөөд гадаад хэргийн сайд асан Борис Жонсонг Тереза Мэйг орлох хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигчээр нэрлэж байна. Ажиглагчдын зүгээс дараачийн ерөнхий сайдаар томилогдох хүний нэр ирэх 7-р сарын сүүл үе гэхэд тодорхой болно гэж тооцоолж байгаа ч Брекситийн асуудлыг шийдвэрлэх тал дээр олон саад бэрхшээл хүлээж байгааг мэдээлээд байгаа юм.