2014-2015 ОНЫ СУДАЛГААГААР БАГА ЖИНТЭЙ НЯРАЙ ӨВЛИЙН УЛИРАЛД ХАМГИЙН ИХ ТӨРСӨН

Бидний ирээдүй болсон хүүхдийн эрх эхийн хэвлийд бүрэлдэх үеэс л эхлэн зөрчигдөж байна гэвэл хилсдэхгүй. Учир нь ургийн өсөлтөд агаарын бохирдол хэрхэн нөлөөлж байгааг тогтоох "Угаар" судалгааг 2014-2015 онд СБД-ийн 500 орчим жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулиас явуулсан байдаг. Гэтэл Улаанбаатар хотын агаар бохирдуулагч бодисуудын ихэссэн агууламж нь ургийн жинг бууруулахад нөлөөлж байжээ. Судалгаанаас үзэхэд  өвлийн улиралд бага жинтэй нярай хамгийн их төрсөн бол хавар дутуу төрөлт  ихсэх хандлагатай байсан нь судалгаагаар тогтоогдсон байна. 

Өмнө нь статистик тоогоор Улаанбаатар хотод жин багатай нярай төрөх, ураг зулбах, амьгүй төрөлт, гаж хөгжилтэй нярай төрөх тохиолдол нэмэгдэж байсан ч агаарын бохирдол урагт хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлж байгаагүй. Харин судалгааны хүрээнд нийслэлд агаарын чанарын хэмжилтээр хамгийн их бохирдолтой цэг нь 100 айл орчим учраас Сүхбаатар дүүргийг сонгож, тухайн үед судалгаанд 500 орчим тамхи татдаггүй жирэмсэн эхийг хамруулжээ. Судалгаанд оролцогчдыг санамсаргүй түүвэр хийж, гэрт нь агаар цэвэршүүлэгч тавьжээ. Ингээд жирэмсний хугацааны туршид агаар цэвэршүүлэгчтэй болон цэвэршүүлэгчгүй орчинд байгаа эмэгтэйчүүд болон ургийг харьцуулан судалсан байна. Жирэмсний явцад агаар цэвэршүүлэгчийг бүрэн хэрэглэх тохиолдолд ургийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байгааг тогтоожээ. Түүнчлэн Улаанбаатар хотын агаарыг бохирдуулагч бодисуудын ихэссэн агууламж нь ургийн жинг бууруулахад нөлөөлсөн таагүй үр дүн гарсан. Ингэхдээ нярайн жин төрөх үеийн жингээс дунджаар 138 граммаар бага гарсан тохиолдол ч байжээ.

Тиймээс эхчүүдийн хувьд хүүхдээ төлөвлөх, агаар бохирдуулагч эх үүсвэр ихтэй үед хүүхдээ агаар салхинд гаргах, улирлын томуу, томуу төст өвчний үеэр хүүхдийнхээ дархлааг сайжруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байх шаардлагатайг мэргэжлийн их эмч зөвлөлөө.