ТАВ ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН 26.6 ХУВЬ НЬ ЦУС БАГАДАЛТТАЙ

"Хүүхдийн эрх" сэдвийн хүрээнд мэдээ үргэлжилж байна. Манай улс "Хүн амын хоол тэжээлийн байдал" үндэсний V судалгааг 2016-2017 онд хийсэн.  Судалгаагаар бага насны хүүхдийн аминдэм, эрдэс, төмөр, цус багадалтын нөхцөл байдлыг судлахад дуталтай байгаа нь тогтоогджээ. Түүнчлэн хоол тэжээлээс хамааралтай эмгэгийн дарамт өндөр байгааг тогтоосон байна.

Хүүхдийг 2 нас хүртэл насанд нь тохирсон тэжээллэг, чанартай, амин дэмээр баялаг хоол, хүнс өгч,  эхийн сүүгээр хооллох хэрэгтэй. Ингэснээр бие бялдар, өсөлт хөгжил, оюун санааны хувьд эрүүл өсөн торних үндэс болдог. Гэтэл НЭМҮТ-өөс хийсэн "Хүн амын хоол тэжээлийн байдал" үндэсний V судалгаагаар аль ч насныханд аминдэм, эрдсийн дутагдлын тархалт түгээмэл хэвээр, 2010 оны түвшингээс буураагүй дүнтэй байжээ. Ингэхдээ

5 хүртэлх насны хүүхдийн 26.6% цус багадалттай

6-59 сартай хүүхдийн 27.7% төмөр дуталтай байгааг тогтоосон

6-59 сартай хүүхдийн 61% Д аминдэмийн дуталтай

5 хүртэлх насны хүүхдийн 9.5% А аминдэм дуталтай

60.1% А аминдэмийн нөөц хангалтгүй, дуталд өртөхөд ойрхон байжээ.

ДЭМБ-аас хүүхдийг 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, 6 сартайгаас эхлэн аажмаар зохистой нэмэгдэл хоолонд оруулж, улмаар 2 нас хүртэл нь эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллохыг зөвлөдөг. Гэтэл нялх хүүхдийн эхийн сүүгээр дагнан хооллолт хангалтгүй байсан.

Үүнээс гадна 5 хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 64.9 хувь хүнсний баталгаат байдал нь ямар нэг хэмжээгээр алдагдсан, илүүдэл жин ба таргалалтын асуудал нийгмийн эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар учруулах түвшинд хүрсэн байна. Тодруулбал 5 хүртэлх насны хүүхдийн 11.7% илүүдэл жинтэй байжээ.  Харамсалтай нь энэ жингийн илүүдэл хэрэгцээтэй шимт бодис, хүнс тэжээлийнх бус түргэн хооллолт, чихэр, нүүрс усны хэрэглээтэй холбоотойгоор бий болжээ.

Тиймээс  манай улсын 5 хүртэлх насны хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолдож байгаа аминдэм, эрдэс бодисын дутлыг буруулахын тулд дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагаас зөвлөсөн. Үүнд:

- Хүүхэд, эмэгтэйчүүдийн хоногт хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх

- Эрүүл мэндийн мэргэжилтний эрүүл, зохистой хооллолтын талаар зөвлөгөө өгөх мэдлэг, ур чадварыг сайжруулах

- Тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл, өндөр тунт а, д аминдэмээр тасралтгүй хангах, тогтмол хэрэглээг нэмэгдүүлэх

- Хүнсний бүтээгдэхүүнийг аминдэм, эрдсээр баяжуулах тухай хуулийг батлан, хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ.