ЯПОН УЛСАД ХАЛДЛАГА ГАРЧ ГУРВАН ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ

Өнөөдөр өглөө Япон улсын нийслэл Токио хотын ойролцоох Кавасаки хотод хутгатай этгээд халдлага үйлдсэний улмаас 16 хүн шархдаж, гурван хүн амь үрэгдсэн тухай эх сурвалжууд мэдээллээ.

Өчигдөр орон нутгийн цагаар өглөөний 7 цагийн үед цагдаагийн газар ирсэн дуудлагын дагуу албаныхан хэргийн газраас сэжигтэн этгээдийг баривчлан саатуулсан ч сүүлд шархаа даалгүй амь үрэгдсэн талаар BBC агентлаг мэдээлсэн байна.

Одоогоор хэргийг ямар учир шалтгааны улмаас үйлдсэн нь тодорхой болоогүй байгаа ч мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа талаар албаныхан мэдээлжээ.

Шархдсан хүмүүсийн ихэнхийг сургуулийн насны хүүхдүүд эзэлж байгаагаас амь үрэгдсэн гурван хохирогчийн нэг нь 12 настай хүүхэд байсан талаар халдлага гарсан Кавасаки хотын гал түймэртэй тэмцэх албаныхан мэдэгдсэн байна.

Япон улсын хувьд дэлхийн бусад өндөр хөгжилтэй орнууд дундаа энэ төрлийн олныг хоморголсон халдлага гарах нь харьцангуй ховорт тооцогддог ч сүүлийн жилүүдэд хутгаар зэвсэглэн халдлага үйлдэх гэмт хэргүүдийн тоо эрс нэмэгдэх болжээ.