АВСТРИ УЛСЫН КАНЦЛЕР ПАРЛАМЕНТЫН ШИЙДВЭРЭЭР ОГЦОРЛОО

Өнгөрөгч 2017 онд Австрийн Консерватив үзэл баримтлалтай Ард түмний нам, Улс төрийн барууны жигүүрийн эрх чөлөө намтай эвслийн засгийн газар байгуулсны дараагаар 31 настай Себастиан Курц тус улсын шинэхэн канцлераар сонгогдож, европын хамгийн залуу удирдагчдын тоог нэгээр нэмсэн юм. Гэвч энэ сарын эхэнд түүний эвслийн засгийн газарт багтдаг эрх чөлөө намын нууц бичлэг задарснаар засгийн газар нь ганхаж, улмаар парламентын шийдвэрээр албан тушаалаасаа огцорчээ.

Австри улсын эвслийн засгийн газарт багтдаг Эрх чөлөө намын тэргүүнтэй холбоотой авлигын нууц бичлэг задарсантай холбогдуулан канцлер Себастиан Курц-д итгэл хүлээлгэх асуудлаар парламентын санал хураалт явагдаж өндөрлөлөө.

Санал хураалтад барууны үзэлт Эрх чөлөө нам болон сөрөг хүчний Социаль демократ намууд канцлер Себастиан Курцийг огцруулахыг дэмжсэнээр түүний Засгийн газар албан ёсоор тарахаар болж байна. 

Өнгөрөгч долоо хоногт Эрх чөлөө намын тэргүүн Ханс Кристиан Штрахегийн оросын нэр бүхий бизнес эрхлэгчтэй засгийн газрын түвшинд гэрээ байгуулж, хариуд нь санхүүжилт авдаг талаарх нууц бичлэг цацагдсанаас хойш Австрийн засгийн газрын нэр хүнд ганхаж, тарах нь нэгэнт тодорхой болоод байсан юм.

2017 онд 31 насандаа Австри улсын канцлерын албан тушаалд томилогдож, европын хамгийн залуу удирдагчаар нэрлэгдэж байсан Себастиан Курц дэлхийн 2-р дайнаас хойш парламентын санал хураалтаар ялагдал хүлээсэн Австри улсын анхны канцлер болж байна.

Одоогоор тус улсын ерөнхийлөгч Ван Дер Беллений зүгээс шинэ засгийн газар бүрдэх хүртэл шилжилтийн засгийн газрыг тэргүүлэх шинэ канцлераар Хартвиг Люгерийг томилохоор болсноо мэдэгдээд байна.

Ээлжит бус сонгуулийн тов ирэх есдүгээр сард болохоор товлогдоод байгаа бөгөөд Себастьян Курцын зүгээс тус сонгуулиар нам нь ялалт байгуулж, өөрөө канцлерын суудалд эргэн ирэх боломжтой гэдгээ мэдэгдээд байгаа юм.